Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө
2020-11-23 20:06

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

 

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө 

 

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ хүүхэд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулахаар нөөцөлсөн нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, гурил, төмс, хүнсний ногоо, будаа, бусад бүтээгдэхүүн байгаа судалгаа гарчээ.

 

Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна

 

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ. Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна. Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь  хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11,359, түрээсийн байранд 18,687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.   

 

Товч мэдээ

 

–       2020 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдсан. Үүнээс 340 хүн эдгэрсэн бол ажиглалтад 28, ажиглалт, тандалт нь дууссан 312 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 293 хүний 48-ынх нь биеийн байдал хүндэвтэр, 245 хүнийх хөнгөн байна.

 

–       Батлагдсан төсвийн хэмнэлтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгов.

 

–       2020 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 10,3 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 7,9 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 2,1 сая ширхэг өндөг, 1,4 мянган тн ургамлын тос, 101,1 мянган тн төмс, 42,7 мянган тн хүнсний ногоо, 4,9 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Энэ нь нөөц хэвийн хэмжээнд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин