ОХУ: Путины санаачилсан "баячуудад ноогдуулах" татвар ирэх оноос үйлчилнэ
2020-11-24

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин татвар ноогдуулах зарчмыг өөрчлөх хуулинд гарын үсэг зуржээ. Энэ хуулинд зааснаар, жилд таван сая рублиэс (shuud.mn: монгол мөнгөөр 172 сая орчим) давж буй орлогод ноогдуулах татварыг 13 хувь байсныг 15 хувь болгон өсгөх аж. Шинэ журамд Оросын хүн амын нэг хувь орчим нь хамаарна гэж шинжээчид үзжээ. 

 

Татварын өөрчлөлт нэвтрүүлэх нь Путины санаачилга байсан бөгөөд үүнийг "баячуудад ноогдуулах татвар" хэмээн нэрлэх болсон юм. Путин энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр коронавирусийн цар тахалтай холбоотойгоор ард түмэндээ хийсэн ээлжит мэдэгдлийнх үеэр 2021 оноос эхлэн жилийн орлого нь 5 000 000 рублийг давдаг иргэдэд ноогдуулах хувь хүний орлогын татварыг нэмэх санаачилга гаргасан. Татварын хэмжээ 15 хувь байх бөгөөд гагцхүү дээр дурдсан хэмжээнээс давсан мөнгөн дүнд тооцогдох аж. 

 

Төсвийн энэхүү нэмэлт орлогыг Путин хүнд өвчинтэй хүүхдүүдийг эмчлэх гэсэн цорын ганц зорилгоор ашиглахыг санал болгож байлаа.

 

Путины санаачилгыг тусгасан хуулийн төслийг есдүгээр сард Төрийн думд оруулсан юм. Улмаар 10 дугаар сарын 21-ний өдөр гишүүд анхны хэлэлцүүлгээр батлаж, 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн 5 000 000 рублиэс дээш орлогод ноогдуулах татварыг 15 хувь болгон өсгөхөөр болсон юм.

 

"Шударга ёс үүнд хамаагүй"
 

2001 онд Оросын Татварын хуулийн хоёр дахь хэсэг хүчин төгөлдөр болсноос хойш тус улсад хувь хүний орлогын татвар 13 хувиар тогтсон бөгөөд татвар ноогдуулахгүй орлогын доод хэмжээ гэж байдаггүй аж. 

 

"Өнгөц харахад орлого нь харилцан адилгүй иргэд нэг л жишгээр, 13 хувиар татвар төлж байгаа нь шударга бус харагдана. Гэхдээ хувь хүний орлогын татварын хавтгай шатлал нэвтрүүлсний дараа татвар хураалт нэмэгдэж, төр энэ нэмэлт хөрөнгөөр нийгмийн асуудлуудыг шийдэх боломж гарч ирсэн үед энд шударга ёс хамаагүй гэдэг нь ойлгомжтой болно" хэмээн Путин мэдэгдэж байв. 

 

Путины өгүүлснээр менежментийн шинэ чанар, тоон технологийг нэвтрүүлснээр татварын ачааллыг ялгаатай хуваарилаж, нэмэлт санхүүгийн орлогуудыг нийгэмд ач холбогдолтой асуудлуудыг шийдэхэд чиглүүлэх боломжтой гэнэ. 

 

Шинжээчийн байр суурь 

 

Шинэ хууль Оросын хүн амын 1 хувь орчимд хамаарна гэж "Сколково-РЭШ" санхүүгийн төвийн захирал Олег Шибанов ВВС агентлагт ярьжээ. Түүний өгүүлснээр, шинэ татварт хамаарах хүмүүст энэ нь ихээхэн мэдрэгдэхүйц татварын ачаалал болох гэнэ. 

 

"Таван сая рубль гэдэг нь сард 400 мянга гаруй рубль (shuud.mn: 13.7 сая төгрөг)гэсэн үг. Ингэснээр энэ хэмжээний орлого олдог хүмүүсийн хувьд орлого нь эрс багасна. Жишээлбэл, жилд 10 сая рублийн цалинтай байлаа гэж бодоход шинэ журмаар татвар төлснөөр жилд 100 мянган рублийн (shuud.mn: монгол мөнгөөр 3.4 сая төгрөг) орлогоо алдана  " хэмээн шинжээч өгүүлжээ. 

 

Оросын статистикийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус улсад сард 500 мянган рублиэс дээш цалин авдаг иргэд нийт ажил эрхлэгчдийн 0.1 хувийг эзлэж байгаа гэнэ. Харин 0.7 хувь нь сард 250-500 мянга хүртэлх рублийн цалин авдаг аж. 

 

Оросын ихэнх албан тушаалтнуудын орлого жилд таван сая рублиэс давдаг байна. Путины 2019 оны орлогоо 9.7 сая рубль гэж тайлагнасан бол Ерөнхий сайд Михаил Мишустин 18.2 сая рубль гэж тусгажээ. Харин Оросын Аюулгүй зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев орлогоо 11 сая рубль гэж тайлагнажээ. 

 

Хувь хүний орлогын татварын өсөлт байраа зарж, өндөр орлого олсон хүмүүст хамаарахгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манайх бас ингэх хэрэгтэй.
2020-11-24