COVID-19: Цочирдохгүйн тулд ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?
2020-11-25


Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэлхий дахиныг бүрхээд жил орчмын хугацааг үдлээ. Бүтэн жилийн хугацаанд хүн төрөлхтөн өвчнийг ялан дийлж чадсангүй, тэмцсээр л байна. Мөн энэ цар тахалтай дэлхийн улс орнууд хэрхэн тэмцэж байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар гарсаар жил тойрох гэж байгаа юм. 

Зарим тохиолдолд, коронавирусийн тухай мэдээлэлд сүйрлийн тухай өгүүлэх киноны хэсгүүдийг санагдуулам зураг тавьсан байх нь бий. Гэхдээ үнэндээ нөхцөл байдал тийм ч аймшигтай биш гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. 

 

Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж байх үед манай улсад дотоодод халдвар алдалгүй 10 сарын нүүрийг үзэв. Харин энэ сарын эхээр дотоодын халдварууд ар араасаа бүртгэгдэж, хөл хорио тогтоосон нь иргэдийн сэтгэлзүйд ихээхэн хүчтэй нөлөөлсөн юм.  Ийм үед, коронавирусийн аюулаас хэт айж цочирдохгүйн тулд юу мэдэх, ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?

 

Мэдээж шинэ төрлийн аюулыг үл хайхрана гэдэг байж болшгүй, тиймдээ ч нэн шаардлагатай, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, ингэснээр дэлхийн улс орнууд халдварын тархалтыг хумиж байгаа юм. Гэхдээ хэт цочирдох ямар ч шаардлагагүй, үүний оронд хувийн ариун цэврээ сайтар сахих, нийгмийн харилцаагаа багасгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Бид бүгд үхэхгүй

 

Шинэ төрлийн коронавирусийн  халдвар авсан хүн бүр нас барна гэж бодох хүмүүс цөөнгүй. COVID-19 вирусийн улмаас нас барах тохиолдол энгийн ханиад томуугаас хавьгүй их гэж эмч нар анхааруулж байгаа юм. Гэхдээ үүнээс өөр эерэг мэдээллүүд ч бий.

 

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 59,2 саяд хүрсэн бол үүнээс 37.9 сая хүн эдгэрсэн байна. Өөрөөр хэлбэл нийт халдвар авсан хүмүүсийн 64 хувь нь эдгэрчээ. Харин нас баралтын тоо дэлхий даяар 1.4 сая байгаа юм. 

 

Нас барсан хүмүүсийн ихэнх нь архаг хууч өвчинтэй өндөр настай хүмүүс байгаа бөгөөд залуу хүмүүсийн хувьд вирусийн халдвараас болж нас барах эрсдэл маш бага гэдгийг судлаачид онцолсоор байна. 

 

Юу хийх ёстой вэ?

Эмч нарын ажиглалтаар шинэ вирус нь маш ойрын зайд хүнтэй харилцвал агаар дуслын замаар тархах боломжтой гэнэ.Өөрөөр хэлбэл та хоёр метрээс бага зайд хүнтэй харилцах үед танруу халдвартай хүн найтаавал халдвар авч болзошгүй.

 

Мөн коронавирус нь хатуу гадаргуу дээр хоёр болон түүнээс дээш хоногийн хугацаатайгаар хадгалагдах боломжтой талаар анхааруулсаар байгаа. Тиймээс гараа байнга, 20 секундээс багагүй хугацаанд халдваргүйжүүлэгчтэй савангаар савандаж угаах, гар бохирдсон үед  гараараа нүүрэндээ хүрэхгүй байхыг эмч нар зөвлөж байгаа юм. Хүн нүүрэндээ хүрэхгүй байх нь бараг л боломжгүй тул гараа сайтар угаах сонголт л бидэнд үлдэж байна. Мөн гадуур зорчихдоо үргэлж бээлийтэй явахыг эмч нар зөвлөж байна.

Түүнчлэн хүнсэндээ нимбэг, амин дэм ихтэй ногоо зохистойгоор хэрэглэн, халуун хоол, ундаа хэрэглэхийг эмч нар зөвлөж байгаа юм.

Халдвар авснаа яаж мэдэх вэ? 

Халдвар авсан үгүйг эцэслэн тогтоох цорын ганц арга нь лабораторийн шинжилгээ юм. Харин өвчний шинж тэмдгийн тухайд бол, ихэнх хүмүүст өвчлөл хуурай ханиалгах, халуурах шинж тэмдгээр эхэлж байгаа аж. Түүнчлэн гэдэс ходоод хямрах, суулгах, зүрх цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг юм байна.

 

Мөн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж үзвэл эмнэлэг рүү очилгүй, утсаар ярьж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг олон орон зөвлөж байна.

 

Вакцин хэзээ бэлэн болох вэ?

 

Эрдэмтэд бүхий л чадлаа дайчлан ажиллаж байгаа ч шинэ эм бэлдмэл бүтээх, түүнийг турших ажил нь дор хаяж нэг жилийн хугацаа шаардагддаг.  Цар тахал дэлхийг нөмөрмөгц олон орны эрдэмтэд коронавирусээс сэргийлэх вакцин гарган авах ажилд ханцуй шамлан орсон юм. 

 

Хамгийн түрүүнд ОХУ коронавирусийн вакцин гарган авснаа зарлаж, "Спутник V" хэмээн нэрлэсэн вакцинаа наймдугаар сард бүртгэсэн. Гамалеян нэрэмжит төвд үйлдвэрлэсэн "Спутник V" вакциныг 92 хувийн үр дүнтэй гэж боловсруулагчид нь саяхан мэдэгдэж байв.

 

Тун удахгүй бүртгэгдэн баталгаажуулагдах вакцин нь АНУ-ынх юм. Тодруулбал Америкийн Модерна компани өөрсдийн боловсруулсан вакциныг 94 хувийн үр дүнтэй гэж өнгөрсөн долоо хоногт зарласан бол энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ тун удахгүй вакцинаа бүртгүүлнэ, мөн вакцины үнэ нэг тун нь 25-37 ам доллар байна гэдгийг онцолсон юм. 

 

Америкт өөр нэг вакцин мөн л бэлэн болоход тун ойрхон байгаа. Энэ нь АНУ-ын Pfizer Германы BioNTech компанитай боловсруулсан вакцин бөгөөд энэхүү вакцины үр дүн 95 хувь гэж боловсруулагчид нь мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин