COVID-19: Европт 17 секунд тутамд 1 хүн нас барж байна
2020-11-25

Европт 17 секунд тутамд нэг хүн коронавирусийн улмаас нас барж, өдөр бүр Европт 4.5 мянган хүн амиа алдаж байна гэж ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ. 

 

"Европын бүс нутагт 17 секунд тутамд нэг хүн COVID-19-ийн улмаас нас барж байна. Бид хуурамч мэдээллийн тархалтыг зогсоох, коронавирусийг үгүйсгэж байгаатай тэмцэх зөвлөмжийг бид дагах бүрдээ коронавирусээс амиа алдах хүнийг аварч байгаа гэсэн үг" хэмээн Ханс Клюге мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлжээ. .

 

Түүний өгүүлснээр, "бид бүгд хүчин чармайлт гаргавал" бүх нийтийн хөл хорионоос зайлсхийж чадах гэнэ. Түүнчлэн амны хаалт зүүснээр өвчнөөс бүрэн хамгаалагдана гэсэн үг биш, гэхдээ халдвар тархахтай тэмцэхэд амны хаалт нэн чухал, түүнийг бусад арга хэмжээтэй хослуулан ашиглах ёстойг онцолжээ. 

 

Хэдийгээр коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгаа ч хөл хорионы арга хэмжээг "эцсийн арга" хэмээн Клюге нэрлэсэн байна. Учир нь хөл хорио, тусгаарлалттаас үүдэн эдийн засгийн сөрөг үр дагавар, сэтгэцийн эрүүл мэнд, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх, хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагавар гардгийг  тэрбээр онцолжээ.

 

Өмнө нь ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэл хийхдээ вакцинжуулалт цар тахлыг ялах цорын ганц арга биш, өөр бусад арга хэмжээг ч авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байлаа. Тэр дундаа халдвар авсан хүмүүстэй хавьтсан хүмүүсийг шинжилгээнд хамруулах, хүн амд коронавирусийн аюулын талаар мэдээлэх зэрэг арга хэмжээ нь тустай гэдгийг ДЭМБ-ын тэргүүн цохон тэмдэглэж байсан юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин