Үндэсний музейн алтан сан хөмрөгөөс: V БОГД ЖИБЗУНДАМБЫН ГУТАЛ
2020-11-25 12:18

 

Музейн шилэн хоргоны цаана чимээгүй дүнсийх мянга мянган чухаг нандин үзмэрүүд дор бүрнээ түүх өгүүлэх ажгуу. Хэрвээ тэд гэнэт хэлд орвол өөрийг нь чухам анх хэн гэгч урлаж, ямархуу үйлд хэрэглэдэг байсан талаар уртаас урт хууч түүх дуртайяа хуучлахсан гэх саваагүй бодол төрөх нь бий.  Ерөөс аливаа нэгэн үзмэр, эд өлгийн зүйлд тулгуурлан өнгөрсөн түүхийн нэгээхэн хэсгийг, зарим тохиолдолд бүхэлд нь бүтээх ч боломжтой билээ. Үүнээс харахад музейн үзмэр эд өлөг бүр түүхэн үнэ цэнэ, мэдээ сургийг агуулж байдаг нь мэдээж юм.

 

Монголын бурхан шашны тэргүүн, Тавдугаар Богд Жибзундамба хутагт Лувсанчүлтэмжигмид /1815-1825/ бол Монголчуудын дунд алдаршиж үеэс үед  ам дамжин яригдаж ирсэн эрхэм хүмүн байжээ. Түүний өмсөж байсан хэмээх нэгэн гутал Монголын Үндэсний музейд хадгалагдаж байдаг. Төдий л олон хүн мэдэхгүй ховор сонирхолтой эл үзмэрийг Сан хөмрөгч Б.Ууганбаярын судалгаагаар та бүхэнд толилуулж байна.  

 

Энэ гутал нь хүрэн өнгийн савхиар эмжиж ногоон савхиар угалз хээ үйлдэж чимэглэсэн улаан өнгийн савхин түрийтэй, шагай зулаг, хушуу хоншоорыг шар, хар, улаан, ногоон өнгийн савхи, арьсаар хээлж чимэглэн урласан байна. Гутал нь доод хэсэгтээ улаан, цагаан өнгийн утсаар туузлан хошмоглосон хөх өнгийн хилэн хараа бүхий луун хээтэй шар торгон хөвөнтэй оймстой аж. Гутлын ул нь ширмэл эсгий бөгөөд нэлээд элэгджээ. Гутлын өндөр нь 32 см, улны өргөн 8 см, улны урт 21 см байна.  Өнгөц харахад буриад гуталтай нилээд төслөг, баахан өмсөж элээсэн байртай энэхүү гутлыг Улсын төв музейн сан хөмрөгт тэртээ 1979 онд авчээ. “Улсын төв музейн фондод Октябрийн районы 23-р хороонд оршин суугч Самбуугийн Цэрэнпагмаас ирүүлсэн гутал. V Богдын хэрэглэж байсан, хүрэн, хар савхин тоногтой, ширмэл ултай хуучин, зарим газраа урагдаж элэгдсэн. Худалдан авсан үнэ 300 төгрөг. Фондын үнэ 600 төгрөг”  гэсэн баримт л бидэнд үлджээ.

 

Тухайн үеийн Музейн Удирдах газрын 1979 оны 3 дугаар сарын хурлын тэмдэглэл “Намын түүхийн институтын эрдэм шинжилгээний ажилтан О.Пүрэвийн сурвалжилжлан олж, цуглуулж ирсэн Аварзэд гэгч хүний хадгалж байсан V Богдын өрөөсөн гутлыг Богд хааны ордон музейд шилжүүлсэн” архивын баримт байна. Богдын ордон музейн сан хөмрөгт буй эл гутлын түүх намтрыг судлан тодруулах шаардлагатай байгааг тус музейн ажилтан Д.Алтаннавч тодотгосон байна. V Богдын гутал хэмээн тэмдэглэсэн хоёр ч гутлын талаар цухас өгүүлбээс ийм буюу.

 

Мэргэн уншигч та бүхэн ч энэ талаар сонсож мэдсэн сураг чимээгээ бидэнтэй хуваалцвал цаашдын судалгааны ажилд тун чиг тустай байхсан билээ.

 

Мэдээллийг МҮМ-ээс 2015 онд эрхлэн хэвлүүлсэн “Монгол улс 1911-1921 Шилдэг үзмэрийн дээжис” каталог номын 28-29-р талд буй “БОГД ЖИБЗУНДАМБЫН ГЭГДЭХ ГУТАЛ” өгүүллээс товчлон авав.

Shuud.mn
Сонин хачин
багш:
Халхын шарын шашны тэргүүн V Лувсанцүлтимжигмэд (1815.06.14-д Түвд, Гэдинхансорт төрж, 1841.11.18-д нас барсан). Жавзандамба хутагт, Википедиа
2020-11-25