"QR зөвшөөрлөө А5 хэмжээтэй хэвлээд салхины шилэн дээрээ наана"
2020-11-25

Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

 

 

 

Уг зөвшөөрлийг цагдаагийн алба хаагчид хэрхэн шалгуулж хөдөлгөөнд оролцох тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд: 

 

"Зөвшөөрлийг А5 хэмжээтэй жижиг хэвлээд жолоочийн үзэгдэх орчинд саад болохгүй цагдаад ил харагдах газар автомашины салхины шилэн дээрээ наана. Албан хаагч зөвшөөрлийн кодыг шилний гаднаас уншуулаад л тухайн автомашин ямар байгууллагын нэр дээр, мөн ямар цагуудад хөдөлгөөнд оролцох мэдээлэл гарч ирнэ.

 

Зөвшөөрлүүд цагийн хязгаарлалтгүй болон хязгаарлалттай хөдөлгөөнд оролцох гэсэн ялгаатай байгаа. Хэрэв зөвшөөрөлд олгосон хуваариас бусад цагт хөдөлгөөнд оролцсон бол тухайн зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлнэ" гэлээ. 

 

 

QR код бүхий зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх, өөр автомашины зөвшөөрлийг хэвлэж ашиглах боломжгүй гэдгийг анхаарууллаа.

 

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 төрлийн байгууллагын алба хаагчид Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас уг зөвшөөрлийг олгож буй юм. Зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утсаар авах боломжтой. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин