Ж.Амгалан: Хууль зөрчиж, халдвар түгээвэл гурав хүртэл жил хорино
2020-11-25 13:45

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АмбасэлмааЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан нарын албаны хүмүүс оролцов.

 

 

 

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа  Ж.Амгалан:

 

-Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авсан иргэдийг тусгаарлахад хяналт тавих нэгдүгээр хавьтал болон дам хавьталтай иргэдийг олж тогтоох ажлыг зохион байгуулж байна. 

 

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд байсан дам хавьталд орсон, түүнийг нь   цагдаа тагнуул бусад эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн иргэд дэг сахих шаардлагатай байна. Хэрэв нэгдүгээр болон дам хавьталд орсон хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа арга хэмжээг бүрэн  биелүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай. 

 

Нэгдүгээр хавьтал, дам хавьтлын хүмүүсийг олж тогтооход маш их цаг, хүн хүч шаардсан ажил байгаа. Мөн халдвар авсан иргэд нэгдүгээр хавьтал болон дам хавьтлын хүн, явсан газраа тодорхой санадаггүй, хэлдэггүй, маршрутаа нуух зэрэг байдлаас болж эрсдэлтэй байна. Энэ нь Монгол Улсын хуулиар зохицуулсан хуулийн заалтуудтай. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Цаашид нэгдүгээр хавьтал болон дам хавьталд байсан иргэд хэнэггүй, санамсаргүй байдлаасаа болж халдварт өвчин түгээвэл хуультай, ялтай гэдгийг анхаараарай. 

 

  • Эрүүгийн хуулийн 15.6.1 дүгээр заалт: бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага албан тушаалтан тогтоосон хязгаарлалт, хорио цээр, бусад дүрэм журам, зааврыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос 3 жил хүртэл хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаанд хорих ялын шийтгэлтэй.

 

Тиймээс  иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Шинжилгээнд хамрагдаагүй бол эдийн засаг болон өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг үгүй хийнэ. Дараа нь хуулийн хайчинд орох эрсдэл байгаа. Тиймээс иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдахыг  анхааруулж байгаа. 

 

Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар 740 гаруй гомдол мэдээллийг авч шалгаж байна. Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаанд баривчлуулах, 590 хүн, хуулийн этгээдийг 290 гаруй сая  төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин