Э.Эрдэнэбаатар: 119 цэг дээр тандалтын шинжилгээ авч байна
2020-11-25

 

 Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

 

-НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

 

-Коронавирус цар тахлын энэ үед эрүүл ахуйн шаардлага хангуулах, орчныг хог хаягдалгүй байхад анхаарлаа хандуулж байнагаа. Мөн автобусны дундын болон эцсийн зогсоолд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, үйлчлүүлж байгаа иргэдийн хоорондын зайг бариулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр шийдвэр гарган ажиллаж байна. Арилжааны банкуудаар халамжийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор хүн хоорондын зай, амны хаалт халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа. Цар тахлын хязгаарлалтын  үед орлого нь тасарсан айл өрхүүдийн судалгааг гаргаж  хүнсний хангамж болон сайжруулсан түлшний хэрэглээгээр хангах тусламж үзүүлэх шийдвэр гаргаж ажилласан. 

 

Өнгөрсөн хоногийн хугацаанд УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу НОК-оос Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирж байгаа самарчдыг  хүлээж авах  PCR шинжилгээ авах ажил зохион байгуулсан. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор ачаа тээвэр, хүнсний түгээлт, бараа бүтээгдэхүүн, хадлан тэжээл тээвэрлэж ирсэн нийт 111 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Мөн энэ чиглэлээр 1050 тээврийн хэрэгсэл гарсан.

 

Өдөрт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж ирж байгаа 250 орчим иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Иргэд орон нутагтаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Нийслэл  хотын хэмжээнд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн 94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж ажиллаа.

 

Иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр онцгой комиссын шуурхай штабаас тогтмол судалгаа гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар хүнсний борлуулалт тогтворжсон. Иргэд хүнс их хэмжээгээр нөөцлөх асуудал зогссон гэх мэдээлэл байгаа. Гол хүнсний нэрийн бүтээгдэхүүний барааны нөөцийг хоногоор нь гаргаж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангаж байна.  Нийслэл хотын хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт хэвийн байгаа. Холбогдох мэргэжлийн байгууллагууд 9 дүүргийн 146 хороонд хяналт тавьж ажиллаа. Энэ хугацаанд 536 объектод хяналт шалгалт зохион байгуулж, зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Шалгалтын хүрээнд үйлчлүүлэгч, ажилтны биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хүн хоорондын зай баримтлаагүй, санамж байршуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч байгаа. Эдгээрт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 118 ААН-д цахимаар хүргүүлээд байна. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон "Таван толгой" түлш компанитай хамтарч ажиллаж байгаа. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 316 борлуулалтын цэгт 2600 орчим тонн түлшийг тээвэрлэж, дундын болон хангамжийн баазуудад 902 тонн түлшийг татан аваад байна.

 

Нийслэл хотын хэмжээнд 22 аж ахуй нэгж байгууллагын  230 гаруй автомашин түлш тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. НОК-ын утсанд өнгөрсөн хугацаанд 880 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна. 

 

Өнөөдрийн байдлаар 119 цэг дээр  шинжилгээ авч байгаа. Цаашид мөн нэмж байгуулах ажлыг зохион байгуулна. 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин