COVID-19: Буриадын Эрүүл мэндийн сайд эмчлүүлж байна
2020-11-25

Буриадын Эрүүл мэндийн сайд  Евгения Лудупова коронавирусийн халдвар авсан талаараа олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлснийг Байкал Дейли дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Эрүүл мэндийн сайд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тул гэрээр нь эмчилж байгаа гэнэ.

 

"Найман сарын туршид бид хамтдаа коронавирустэй тэмцэж байна. Энэхүү аюулт халдвартай тэмцэхийн тулд манай эмнэлгийн ажилтнууд их хүч, чармайлт гаргаж байгаа юм. Тэд бүгд бүхий л хүндрэлийг үл хайхран ажилласаар байна. Энэ нь манай нарлаг орны ард түмний эрүүл мэнд, амь насны төлөө. Би коронавирусийн халдвар авсан. Тэсэж байсан ч халдвар намайг тойрсонгүй" гэж Евгения Лудупова бичжээ.

 

Тэрбээр өвчнөө хүндрүүлэлгүйгээр эдгэнэ гэдэгтээ найдаж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрийгөө тусгаарлан, гэрээсээ ажиллахаар болсон байна.Мөн Эрүүл мэндийн сайд иргэддээ хандан өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, хүн хоорондын зай баримталж, амны хаалт зүүн, гараа сайтар ариутгахыг зөвлөжээ. 

 

Энд дуулгахад, Буриадад 11 дүгээр сарын 25-ны өглөөний байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 17 832 болсон байна. Үүнээс 57 хувь буюу 10063 тохиолдол нь Улаан-Үд хотод бүртгэгджээ. Өнгөрсөн хоногт 263 тохиолдол илэрсэн бөгөөд өмнөх өдрүүдтэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна гэж Буриадын коронавирустэй тэмцэх штабаас мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин