ЭМЯ: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 712 боллоо
2020-11-26 11:26

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.26/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт  4176 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. Нэг нь нэг орцонд амьдардаг бариа заслын үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор гарсан. Мөн найз нөхдийн хүрээнд нэгнийхээрээ орж, гарч  байсан гурван хүн байна. Нийслэлд нийт 63 батлагдсан  тохиолдол байгаа. 

 

  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  16 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 10 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооноос нийт 17 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13, 16,18 дугаар хорооноос нийт 11  тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 10,16,21 хорооноос нийт 7 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна. 

 

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь мөн хавьтлын хүрээнээс гарсан. Ингээд тус аймагт нийт 148 тохиолдол болжээ. Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус аймагт нийт 22 тохиолдол болсон. Орхон аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймагт нийт 21 тохиолдол байгаа.  Дорноговь аймагт 18, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол бий.  Өнгөрсөн хоногт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд голомтлон гарч батлагдсан тохиолдол 275 боллоо. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 712  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 345 байгаа. Нийт эдгэрээд гарсан 345 хүний 33 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 360 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 301 хүн хөнгөн, хүндэвтэр 55, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. 

 

Улаанбаатар хотын эхний тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн өвчилсөн байна. Төмөр замын гурван байршилд 11 хүн өвчилсөн байгаа. 12 гэр бүлийн хүн өртөж өвчилсөн.Гэр бүлийн халдварлалт 52 хувьтай байгаа. 

 

Нийслэлд бүртгэгдсэн халдварын 49,2 хувь нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нусхайрах, халуурах, жихүүдэс хүрэх, үнэр амт мэдрэхгүй болох, хамар битүүрэх зэрэг голлох шинж тэмдэг илэрч байна. 

 

Батлагдсан тохиолдлуудын насны хязгаар Улаанбаатар хотод 4-73 насанд бий. Улсын хэмжээнд 4-90 хүртэлх насны хүмүүс байгаа. Дундаж нас 33,5 байна. Нийслэлд 118 цэгт коронавируст халдварын шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
ambaselmaa guai sain zuvluguu ugch gaa shuu
2020-11-26
Шал худлаа. Гаднаас ирсэн хүмүүсийнх 20 дахь хоногтоо илэрлээ гээд байсан, дотооддоо алдсан чинь 1-2 хоногтоо л илрээд байна гэнэ?!
2020-11-26
Дандаа л нэмж байх юм. Одоо хасаач
2020-11-26