Австрали нүүрсээ зарахын тулд Хятадад буулт хийхэд бэлэн

Хятад, Австралийн хоорондын харилцаа хүндрэлтэй байгаа ч Австралийн Засгийн газар буулт хийж, эвлэрэхээр оролдож магадгүй талаар 9News суваг мэдээлжээ. Ийм алхам хийх болсон нь эдийн засгийн хүчин зүйлтэй холбоотой бөгөөд харилцаагаа хэвийн болгохгүй бол 500 сая долларын хэлэлцээ тасалдах эрсдэлтэй байгаа гэнэ.
Тодруулбал, 500 сая ам.долларын үнийн дүн бүхий Австралийн нүүрс ачсан хөлөг онгоцууд Хятадын тал хүлээж авахгүй байгаагийн улмаас боомтууд дээр сар гаруй зогсож байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлж байв. Нүүрс хүлээн авахгүй байгаагийн шалтгаан нь Хятад экологийн хатуу стандарттай болсон гэж тайлбарлажээ. Блүмебрг агентлагийн мэдээлснээр Австралиас ирсэн хөлөг онгоцууд дээр 5.7 сая тонн нүүрс, 1000 гаруй хөлгийн багийн гишүүн байгаа аж.
Энэ асуудлыг Австрали шийдвэрлэхээр Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа бөгөөд худалдааны харилцаанд үүссэн хурцадмал байдлыг шийдэхийн тулд буулт хийхэд бэлэн гэсэн утгатай мэдэгдлийг Австралийн Засгийн газрын тэргүүн хийжээ.
"Бид энэ асуудлыг Хятадын Засгийн газраар дамжуулан ярилцаж, байж болох хамгийн сайн үр дүнд хүрэхээр хичээж байна. Энд хурцадмал байдал бий. Гэхдээ энэ сөргөлдөөнийг Австрали тусгаар байдлаасаа татгалзсанаар шийдэхгүй. Бид үндэсний ашиг сонирхлоосоо үүдэн шийдвэр гаргах хэдий ч Хятадын Засгийн газарт энэхүү маргаантай асуудлаар хүндэтгэлтэй хандана" хэмээн Австралийн Засгийн газрын тэргүүн Скотт Моррисон 9News сувагт ярьсан байна.
Ийнхүү Австралиас нүүрс авахаас татгалзсан шалтгаан нь ихээхэн хэлбэр төдий бөгөөд Хятадын чанарын стандарт, тэр дундаа экологийн шинэ, хатуу стандартад нийцэхгүй гэж шалтаглажээ. Түүнчлэн Хятад улс Австралиас элсэн чихэр, зэс авахаа ч зогсоож болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Австрали, Хятадын харилцаа хурцадсаны шалтгаан
Дэлхий даяар коронавирус тархсан шалтгаан болон нөхцөл байдлыг олон улсын зүгээс олон талаар шалган мөрдөхийг Австрали уриалсны дараа хоёр орны худалдааны харилцаа хурцадмал байдалд орсон юм. Улмаар өнгөрсөн тавдугаар сард БНХАУ худалдааны журам зөрчсөн гэж сэрдсэний улмаас Австралиас ирэх буудайн импортод 80.5 хувийн татвар ноогдуулж, дараа нь оюутнуудаа Австралийн их дээд сургуульд дээд боловсрол олж авахаас татгалзахыг зөвлөж байв.
Үүний хариуд Австрали Хятадын шийдвэрийг Дэлхийн худалдааны байгууллагад хандан давж заалдах боломжийг авч үзэж байгаа талаараа мэдэгдэж байлаа.
Хожим нь Хятад улс вино, үхрийн мах, улаан буудай, хавч, хөвөн зэрэг Австралийн зарим нэр төрлийн барааны импортын заримыг нь хязгаарлаж, заримыг нь бүрэн хориглосон юм. Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр Австралийн газрын тос, хий олборлогч Woodside Petroleum компани мэдэгдэл хийхдээ Скарборо хийн төслийн 16 тэрбум ам.долларын өртөг бүхий хувийг Хятадын худалдан авагчид авахаас татгалзсан талаар мэдээлж байв. Цаашлаад Хятад улс Австралиас элсэн чихэр, зөгийн балны импортоо ойрын үед зогсоож магадгүй талаар шинжээчид онцолж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ