COVID-19: Москва нэгдүгээр сарын 15 хүртэл хязгаарлалтад амьдарна
2020-11-27

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга  Сергей Собянин  нэгдүгээр сарын 15 хүртэл 65-аас дээш насныхан болон архаг хууч өвчинтэй хүмүүсийг гэртэй байх журам гаргажээ. Түүнчлэн ажил олгогчид хамгийн доод тал нь ажилтнуудынхаа 30 хувийг алсын зайнаас ажиллуулах нөхцлийг хангах үүрэгтэй болсон байна. Мөн хотын боловсролын системд багтдаг хүүхдийн дугуйлангуудыг хаасан бол хувийн байгууллагууд, тухайлбал англи хэлний дамжаануудын үйл ажиллагааг хязгаарлаагүй аж. 

 

Тэрбээр энэ талаар өөрийн блогд бичсэн бөгөөд харин 10 дугаар сараас эхэлсэн ахлах ангийнхны алсын зайн сургалт хэрхэх талаар мэдээлээгүй байна. Собянины өмнөх шийдвэрээр алсын зайн сургалт 12 дугаар сарын зургаан хүртэл сунгагдаж байв.

 

"Коронавирусийн тархалттай холбоотой нөхцөл байдал хүнд хэвээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-22-ны хооронд долоо хоногийн дотор ковидын халдварын тохиолдол хоёр хувиар, эмнэлэгт хэвтэх тоо гурван хувиар нэмэгдсэн" хэмээн Москва хотын дарга шийдвэрээ тайлбарласан байна.

 

Москвад пүрэв гаригт 6075 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 1759 хүн эмнэлэгт хэвтжээ. Өнгөрсөн сард эмнэлэгт хэвтэх болон халдварынх өсөлтийн хэмнэл илүү өндөр байсан бөгөөд одоо "өсөлтийн хөдөлгөөн аажмаар жигдэрч байгаа ч буурах тийшээ хандаж байна гэж хэлэхэд хараахан эрт" хэмээн Сергей Собянин мэдэгдсэн байна. "Эрүүл мэндийн салбар урьдын адил маш их ачаалалтай ажиллаж байна" хэмээн хотын дарга мэдэгджээ. 

 

Тиймээс өнөөдөр үйлчилж буй хязгаарлалтуудыг цуцлах нь эртэдсэн хэрэг болно гэж мэдэгдсэн ч нэмж хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагагүй гэж Москва хотын дарга үзжээ.

Хойд хөршийн нийслэлд мөрдөгдөж буй хязгаарлалтууд 

 

Москвад 10 дугаар сарын тавны өдрөөс эхлэн байгууллагууд ажилтнуудынхаа 30 хувийг алсын зайнаас ажиллуулах журам үйлчилж эхэлсэн бол 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажил олгогчид алсын зайнаас ажиллаж буй ажилтнууд болон ажлын байран дээрээ ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ талаарх мэдээллийг эрх баригчдад өгөх үүрэгтэй болсон.

 

Харин 65-аас дээш насныхныг есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэнх аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бөгөөд гэхдээ тэдэнд гарах үнэмлэх болон торгууль ноогдуулах журам гараагүй юм.

 

Москва хотод театр, кинотеатр, концертын танхимууд ажилласан хэвээр. Гэхдээ танхим дүүргэлт 25 хувиас илүүгүй байх ёстой. Олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг үзэгчтэй явуулахаар бол төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой. Мөн үзэгчтэй соёл, үзэсгэлэн, соён гэгээрүүлэх, амралт чөлөөт цагийн арга хэмжээнүүдийг зогсоосон Түүнчлэн өдөр өнжүүлэхүд, худалдааны төвүүд дэх хүүхдийн танхимууд, нийтийн хоолны газруудад хүүхэд саатуулах танхимууд хаагджээ.

 

Гэхдээ гадаа, задгай талбайд хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах боломжтойн дээр бага ангийн сурагчид танхимаар хичээллэсэн хэвээр байгаа юм. 

 

Москва хотын нийтийн хоолны чиглэлийн бүхий л байгууллагууд хаалгаа бариагүй, гэхдээ хязгаарлалтын дагуу 23.00 цагт хаах ёстой. Үүнд зоогийн газар, кафе, бар, шөнийн клуб, караоке, боулингууд ч хамаарч байгаа аж.  Эдгээр байгууллагуудыг үйлчлүүлэгчдийнхээ утасны дугаарыг тэмдэглэн бүртгэх систем ашиглахыг зөвлөжээ. 

 

Аравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Оросын нийслэлийн шөнийн клубууд үйлчлүүлэгчдээ QR кодоор нэвтрүүлдэг болсон. Энэ сарын эхээр томоохон сүлжээ кафе, зоогийн газрууд энэ системд сайн дураар нэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин