Япон: Хааны гэр бүл оролцох шинэ жилийн ёслолыг цуцлав
2020-11-27 11:32

Жил бүр нэгдүгээр сард болж, эзэн хааны гэр бүл оролцдог шинэ жилийн арга хэмжээнүүдийг коронавирусийн тархалтын нөхцөл байдлаас үүдэн цуцлах шийдвэрийг Японы хааны ордны хэрэг эрхлэх газар гаргажээ. Энэ талаар NHK суваг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хамгийн сүүлд 1990 онд өнөөгийн хаан Нарухитогийн өвөө, эзэн хаан Хирохито таалал төгсөж, гашуудал зарласантай холбоотойгоор шинэ жилийн арга хэмжээнүүдийг цуцалж байжээ. 

 

Ийнхүү коронавирусийн улмаас цуцлагдсан шинэ жилийн арга хэмжээ жил бүр нэгдүгээр сарын хоёрны өдөр болдог уламжлалтай. Энэ өдөр Японы олон мянган оршин суугч хааны гэр бүлийг харахаар Токио дахь хааны ордны өмнө цуглардаг аж. Эзэн хаан, хатны хамт, түүнчлэн хааны гэр бүлийн бусад гишүүд өдрийн туршид сум үл нэвтрэх шилээр хамгаалагдсан тусгай тагтан дээр гарч ирэн, цугласан олонтой мэндчилдэг байна. 2020 онд шинэ жилийн энэ арга хэмжээний үеэр 68 мянга орчим хүн цугларчээ. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 26-ны өдөр Японд хоногт илрэх тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрч, нэг хоногийн дотор 2.5 мянга гаруй хүнээс коронавирусийн халдвар илрүүлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш Японд нийтдээ 150 мянга гаруй халдвар бүртгэгдсэнээс 2063 хүн нас барсан бол 117 мянган хүн эдгэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин