Өнөө цагийн ВУНДЕРКИНД буюу ГАЙХАМШИГТ ХҮҮХДҮҮД
2020-11-28 09:30

Энэтхэгийн Хайдарабад хотын 14 настай вундеркинд буюу гайхамшигт авьяаст хүү дээд боловсрол эзэмшсэн талаар  Newsflare мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Агастья Жайсвал Хайдарабадад Османы их сургуульд суралцан, олон нийтийн харилцаа, сэтгүүлзүйн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байна. Тэрбээр 14 насандаа их сургууль төгссөн анхны Энэтхэг оюутан болжээ. Жайсвал бусад салбарт ч ихээхэн амжилттай нэгэн бөгөөд ширээний теннисийн үндэсний хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцдогийн дээр хоёр гараараа нямбай бичиж чаддаг гэнэ. 

 

Өнгөрсөн онд АНУ-д 14 настай өсвөр насны хүү магистрын зэрэг эзэмшсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Түүнийг Келтон Костис гэх бөгөөд есөн настайдаа Небраска мужийн Белвьюгийн их сургуульд элсэн орж, 12 настайдаа вэб технологийн мэргэжлийн бакалавр зэрэгтэй болж, дараа нь мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан байна. 

 

Тэд бол цаг үе бүрт олныг гайхшруулдаг вундеркиндүүдийн төлөөллүүд. Түүхэнд бага насандаа авьяас билэг нь тодорч, бусдыг бишрүүлсэн хүүхдүүд цөөнгүй бичигдсэн байдаг. Харин энэ удаад орчин цагийн вундеркиндүүдийг танилцуулж байна. 

 

1. Микаэла Фудолиг
 

1991 онд төрсөн Микаэла Ирэн Фудолиг 11 настайдаа Филиппиний их сургууль оюутан болжээ. Тэрбээр 16 настайдаа сургуулиа онц төгсөн, физикийн ухааны бакалаврын зэрэгтэй болсон байна. Одоо тэрбээр энэ сургуульдаа профессороор ажилладаг. 29 настай. 

2. Акрит Ясвал

Акрит Ясвалыг Энэтхэгийн хамгийн ухаантай хүү гэж нэрлэдэг. Анх тэрбээр найман настай байхдаа буюу 2000 онд хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Тухайн үед түүний хөрш, найман настай охин гараа хүчтэй түлсэний улмаас гараа зангидаж чадахгүй байсан гэнэ. Харин анагаахын ямар ч туршлагагүй Акрит охинд мэс засал хийж, охиныг эрүүл болгожээ. Энэ нь санаандгүй хэрэг байсангүй, хүү бүр багаасаа л анагаах ухаанд дуртай байсан гэннэ. Тиймдээ ч 12 настайдаа анагаахын их сургуульд элсэн орж, 17 настайдаа хавсарга химийн магистрын зэрэг хүртжээ. 

3. Тейлор Уилсон

Тейлор Рамон Уилсон 2008 онд 14 настайдаа цөмийн синтезийн урвалын төхөөрөмж бүтээснээрээ алдаршиж байв. Харин үүнээс дөрвөн жилийн өмнө, 10 настайдаа цөмийн бөмбөг бүтээж байжээ. 2011 онд залуу эрдэмтэн Олон улсын шинжлэх ухаан техникийн яармагаар шилжих цацрагийн детектороор оролцон шагнал хүртэж байжээ. Тейлор өсвөр насандаа 50МВт цахилгаан эрчим хүч үүсгэх чадвартай бага оврын цөмийн реактор бүтээж байсан аж. 

4. Камерон Томпсон

Хойд Уэльсийн гайхамшигт хүү Камерон Томпсон математикт хосгүй авьяастай гэдгээ харуулж байв. Тэрбээр дэлхийн хамгийн ухаантай математик суутнуудын нэг. Камерон дөрвөн настай байхад багш нь тэг бол хамгийн бага тоо гэхэд багшдаа анхааруулга өгч, хасах тооны талаар мартаад байна гэж сануулжээ. Хүү 11 настайдаа Их Британийн их сургуульд математикийн зэрэгтэй болсон байна. 

5. Жейкоб Барнетт

Жейкоб Барнетт бол бага насандаа л авьяас нь тодорсон өөр нэгэн математикийн суутан. Тэрбээр төрөлхийн аутизмтай байсан бөгөөд онош нь хоёр настайд нь тодорч, эмч нар ийм оноштой хүүхэд ярьж, уншиж сурна гэдэгт найдаад хэрэггүй хэмээн хэлж байж. Гэтэл ердөө л жилийн дараа хүү ярьж сураад зогсохгүй цагаан толгойг хялбархан суржээ. Харин гурван настайдаа хэдийнэ одон орны тухай зохих мэдлэгтэй болсон байсан гэнэ. 

 

Жейкоб 10 настайдаа Индианагийн их сургуульд элсэн оржээ. Тэрбээр докторын ажлаа бичих үеэрээ тун удахгүй Эйнштений харьцангуй онолыг үгүйсгэж чадна хэмээн мэдэгдэж байв. Хүү энэ онолын илүү өргөн хувилбарыг бүтээсэн нь Принстоны их сургуулийн эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Тэрбээр одоо квантын физикээр эрдмийн ажил туурвиж байгаа. "Амжилтанд хүрэхийн тулд ертөнцийг бусдаас өөрөөр харж, хараат бусаар сэтгэн, танд нялзаах гэсэн мэдлэг ойлголтуудад шүүмжлэлтэй хандах хэрэгтэй" хэмээн Жейкоб ярьж байв.

6. Марк Тянь Боэдихарджо

Хонконгод төрсөн Хятад хүү Хонконгийн их сургуульд элсэн орсон хамгийн залуу хүн байлаа, тэр үед хүү есөн настай байжээ. Марк тусгай хөтөлбөрөөр суралцан, математик болон статистикийг гүнзгийрүүлэн судалдаг байсан гэнэ. Одоо тэрбээр математикийн шинжлэх ухааны бакалавр, математикийн салбарын философийн магистрын дипломтой. 

7. Приянши Сомани

Энэтхэгийн Приянши Сомани 1998 онд төрсөн. Математик нарийн тооцооллыг цээжээрээ бодох хосгүй авьяастай. Тэрбээр 11 насандаа "Mental Calculation World Cup" олон улсын математикийн тэмцээнд оролцон, амжилтаараа 16 орны 36 өрсөлдөгчөө ялжээ. Мөн тэмцээний түүхэнд нэг ч алдаа гаргаагүй цорын ганц оролцогч болсон байна. 

8. Итан Бортник

2000 онд төрсөн Итан Бортник 11 насандаа дэлхийн хамгийн залуу гоцлол дуучин гэдгээрээ Гиннесийн номонд бичигдэж байв. Тэр зүгээр ч нэг дуулдаггүй, өөрөө дуугаа зохиож, кинонд тоглодог. Гурван настайгаасаа хөгжим тоглож эхэлсэн хүү таван настайгаасаа хөгжим бичиж эхэлжээ.

 

9. Таниш Мэттью Авраам

Таниш хүү дөрвөн настайдаа Менсад элсэн орсноор энэ байгууллагын хамгийн залуу гишүүн болсон юм. Менса гэдэг нь оюуны өндөр чадамжтай хүмүүст зориулсан хамгийн алдартай, томоохон байгууллага юм. Хүү Менсад элсэн орох тестийг 99.9 хувийн гүйцэтгэлтэйгээр давжээ. Таниг зургаан настайдаа Стэнфордын их сургуулийн авьяаслаг залууст зориулсан тусгай хөтөлбөрийн таван курсийг зургаан сарын хугацаанд дүүргэжээ. 

 

10. Аким Камара

Аким Камара бол бага наснаасаа дэлхийг гайхшруулсан Берлиний хүү. Аким хүү хоёр настайдаа хийл тоглож эхэлжээ. Хүү тун гайхалтай авьяастай бөгөөд өлгийтэй байхдаа сонсож байсан дуу, аялгууг дахин сонсолгүйгээр сэргээн тоглож чаддаг. Багш нь хүүгийн хосгүй авьяасыг анзаарч, түүнд долоо хоногт хоёр удаа хичээл заах болжээ. Аким хагас жилийн дотор хийл тоглож, гурван настайдаа Зул сарын баярын тоглолтонд оролцсон байна. 

Shuud.mn
Сонин хачин