А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвартай хоёр хүний биеийн байдал маш хүнд байна
2020-11-28

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг 11 цагийн байдлаар өглөө. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 11,929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. 

 

Тодруулбал, Улаанбаатар хотод шинээр таван тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол нь орцны жижүүрийн ойрын хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Мөн хоёр нь ажиглан тусгаарлах байранд байсан. Хоёр нь өчигдөр бүртгэгдсэн нэг хүний ойрын хавьтал. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 болсон. 

 

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн хавьтлын хүмүүс. Тус аймагт батлагдсан 167 тохиолдол болсон. Дархан-Уул аймагт ойрын хавьтлаас хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж тус аймагт нийт 35 тохиолдол боллоо.  Дорноговь аймгийн Айраг сумын төмөр замын халдварын ойрын хавьтал 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Говьсүмбэр, Орхон аймагт шинээр нэмж халдвар бүртгэгдээгүй. Орхонд 22, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол бүртгэгдээд байна. 

 

Улсын хэмжээнд голомтлон гарч буй дотоодын халдвар 318 болсон. Мөн энэ сарын 27-нд ачаа тээврийн автомашины жолоочдоор зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн.  Тодруулбал ачаа тээврийн Монгол Улсын хоёр,  ОХУ-ын нэг,  Беларус улсын иргэнээс халдвар илэрсэн" гэж мэдээллээ. 

 

Монгол Улсын нийт тохиолдол 760 боллоо. Үүнээс эдгэрсэн 347,   ажиглалтад 24, гэрийн ажиглалтад 1, ажиглалт тандалт дууссан 322 хүн байна. ХӨСҮТ 254, Цэргийн төв эмнэлэгт 152 нийт 406 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа. Үүнээс биеийн байдал маш хүнд хоёр, хүнд найм, хүндэвтэр 73, хөнгөн 324 хүн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин