Хүнд хүмүүсээ "алдахгүй"-н тулд онцгой анхааран ажиллаж байна
2020-11-28 13:30

Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээний явцын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

 

 

 

Тэрбээр "Монгол Улсад дотоодын халдвар олон тоогоор нэмэгдэж байгаа. Халдвартай иргэдийг маш хүнд, хүнд, хөнгөн гэсэн ангиллаар эмчилж байна. Бид ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж байна. 

 

Эмчилгээний зардлын тухайд хүн бүрийн биеийн онцлогт тохируулан эмчилгээ хийж байгаа учраас харилцан адилгүй. Дунджаар 6.7 - 8.9 сая төгрөгийн зардлыг тооцон гаргасан. Үүнд эм, оношлуур, компьютер томографикийг хэд хэдэн удаа хийнэ. Мөн эмчилгээний нэг багт 4-5 хүний хувийн хамгаалах хэрэгсэл орж байгаа.  Мөн сүүлд нэг хүний курс эмчилгээнд хэрэглэх өндөр үнэтэй эмийг гадаадаас авч хэрэглэж байгаа. Дэлхийд одоо хэрэглэж байгаа эмийг Монгол Улс хоцролгүй татаж авсан. 

 

ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд 56 настай нэг эмэгтэй бий. Тэр архаг суурь өвчтэй. Тийм учраас давхар эмчилгээ хийж байгаа. Биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлааг дэмжих эмчилгээг эмч өөрөө нөхцөл байдалд тохируулан хийж байна. Бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тал дээр онцгой анхааран ажиллаж байна. 


Эмчилгээг лабораторийн суурь хяналтад хийдэг. Уушгийг маш их хянадаг. Уушгины нэвчдис үүсч байна уу гэдгийг анхаарч ажилладаг.  Үр нөлөө нь ямар байгааг хянаж, харьцуулж явдаг. Тийм учраас эмчилгээ оновчтэй явж байгаа гэж үзэж байгаа" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин