ЭМЯ: 24 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 784 боллоо
2020-11-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.29/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 9513 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд ирсэн нэг тир машины жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод таван  тохиолдол бүртгэгдлээ. Тус таван тохиолдлын нэг нь халдвар авсан хүний ойрын хавьтлын хүн.  Дөрвөн иргэн нь  гэр бүлийн ойрын хавьтал байгаа.  Нийслэлд нийт 75 тохиолдол боллоо. 

 

  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  21 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 10 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10,14 дугаар хорооноос нийт 23 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13, 16,18 дугаар хорооноос нийт 12  тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 10,16,21 хорооноос нийт 7 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймагт шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн. Тус аймгийн нийт  тохиолдол 174 боллоо. Дархан-Уул аймагт есөн тохиолдол шинээр нэмэгдлээ. Тус аймгийн тохиолдол нийт 44 болсон байна.  Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй. 

 

  • Орхон аймагт: 22

  • Дорноговь аймагт: 21

  • Говьсүмбэр аймагт: 3 тохиолдол бий.

 

Архангай аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус хоёр тохиолдол  халдвар бүртгэгдэж байгаа хувийн эмнэлэг болоод бариа заслын үйлчилгээтэй холбоотой тандалт судалгаа  хийх явцад  илэрсэн. Үүнийг тандан хөөж, Архангай аймгийн Батцэнгэл суманд байсныг нь илрүүлсэн. Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтод ирж үйлчлүүлсэн хүн коронавирусээр өвчилсөн байх магадлалтай гэж Архангай  мэдээлэл өгч, тус аймаг богино хугацаанд арга хэмжээ авлаа. Тухайн хоёр тохиолдол эхний түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч, PCR шинжилгээ хийсэн. батлагдсан. Өвчтөнийг тусгаарласан. Ойрын хавьтал  50 гаруй хүн, хоёрдогч хавьтал 100 гаруй хүн, нийт 200 гаруй хүнийг тусгаарласан. Архангай аймгийн онцгой комисс хуралдаж Батцэнгэл суманд хөл хорио тогтоох, хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Мөн Батцэнгэл сумаас 3 иргэн Ихтамир суманд очсон байсан учир Их тамир суманд арга хэмжээ авч, ойрын хавьтлыг тусгаарлаад байгаа. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 341, зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 болсон. Долоон хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн. 

 

 Манай улсын нийт батлагдсан тохиолдол 784 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 354 байгаа. Нийт эдгэрээд гарсан 354 хүний 31 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий.  Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 421 хүн эмчилгээнд байгаа. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 254 хүний биеийн байдлыг үнэлбэл, 222 хүн хөнгөн, хүндэвтэр 26, хүнд 4, маш хүнд 2 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 167 хүнээс 117 хүн хөнгөн, хүндэвтэр 45, хүнд 1, маш хүнд 4 хүн байгаа.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин