Цар тахалтай тэмцэх Финляндын туршлага
2020-11-30

Финлянд улс бол  цар тахлын нөхцөл байдлыг илүүтэй сайн хянаж чадаж байгаа улс орнуудын нэг гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Цар тахал эхэлснээс хойш 5.5 сая хүн амтай энэ улсад 24 629 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 16 800 нь эдгэрч, 393 хүн нас баржээ. Европын өөр ямар ч оронд ийм бага үзүүлэлт бүртгэгдээгүй байгаа юм. 

 

Харьцуулвал, хүн амынхаа тоогоор Финляндтай ойролцоо, зургаан сая орчим хүн амьдардаг Дани улсад коронавирусийн халдварын тохиолдол 79 мянга гаруй бүртгэгджээ. Харин Финляндтай мөн л ойролцоо хүн амтай Словаки улсад халдварын тохиолдол 106 мянгыг давсан байна. Европтоо өвчний тархалтыг хамгийн сайн барьж байгаа улсад тооцогдож буй Финлянд ямар стратеги баримтлав?

Шуурхай арга хэмжээ

Өнгөрсөн хавар дэлхий даяар коронвавирусийн халдварын тоо эрс өсөхөд Финляндын эрх баригчид нэн яаралтай арга хэмжээ авч, хоёр сарын хөл хорио тогтоожээ. Финляндын нийслэл Хельсинки хотоос гарах болон хот руу орох хөдөлгөөн, нийслэлийн ойр орчмын бүс нутгуудын орох гарах хөдөлгөөнийг хориглосон байна. Дунд сургуулиуд болон бусад байгууллагууд хаагдаж, цаашлаад зоогийн газруудын үйл ажиллагааг ч зогсоожээ. Тухайн үед халдварын тохиолдлын тоо тун бага, өөрөөр хэлбэл цар тахлын эхний үед ийм арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

 

"Финлянд улс маш хурдан, өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан. Норвеги, Дани зэрэг Скандинавын бусад орнуудтай харьцуулахад эдгээр арга хэмжээгээ долоо, хоёр долоо хоногийн өмнө нэвтрүүлсэн юм" хэмээн Финляндын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн хүрээлэнгийн эрүүл мэндийг хамгаалах хэлтсийн захирал Мика Салминен Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Салминений өгүүлснээр, дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр вирусийн тархалтыг сааруулж чадсан гэнэ. 

 

Corona Flash гар утасны апликейшн нэвтрүүлэв 

 

Финляндад халдвартай хүмүүстэй хавьтсан хүмүүсийг шуурхай илрүүлэхийн тулд Германтай адилаар гар утасны апликейшн нэвтрүүлсэн байна. Corona Flash гэх энэ апликейшнийг  Финляндын хоёр оршин суугч тутмын нэг нь гар утсандаа  татжээ.

 

Энэ апликейшнд тестийн дүн, хүмүүсийн явсан чиглэлийг бүртгэх бөгөөд халдвар авсан хүнтэй ойр байгаа бол хэрэглэгчид мэдээлдэг байна.

 

Эрх баригчиддаа хүлээлгэсэн итгэл 

 

Германд Холбооны засгийн газраас авч хэрэгжүүлсэн коронавирусийн тахалтай тэмцэх арга хэмжээг эсэргүүцэн олон нийтийн жагсаал, цуглаан болж байгаа бол Финляндад эсрэгээр, эрх баригчиддаа итгэх итгэл нь өндөр, тиймдээ ч хязгаарлалтын арга хэмжээг эрс эсэргүүцсэн тохиолдол гараагүй гэнэ. 

 

Өнгөрсөн хавар Европарламентын захиалгаар явуулсан судалгаанд оролцсон финляндчуудын 73 хувь нь эрх баригчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайн даван туулж байгаа хэмээн хариулсан байна. Финляндад Германд болж буй шиг ковидыг хяналтадаа авах арга хэмжээг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөөгүй юм. 

 

"Засгийн газраас гаргасан заавар зөвлөмжийг дагахыг бид хичээж байна. Энэ нь манай улсын амьдрал хангалуун байдагтай ч холбоотой гэж би бодож байна" хэмээн Финляндын ногоонтны намын улс төрч Роза Мериляйнен өгүүлжээ. 

 

Финляндын эдийн засгийн нөхцөл байдал нь хөл хорионы үед иргэд хөл хорионы үед засагтаа итгэн, зөвлөмжийг нь дагах нэг нөхцөл болсон юм. Энэ оны хоёрдугаар улиралд Европын холбоонд ДНБ дунджаар 14 хувиар унасан бол Финляндынх ердөө 6.4 хувиар буурчээ. 

 

Энд дуулгахад, Финлянд бол Европын холбооны орнуудаас хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудын нэг юм. Улс төрийн тогтвортой байдал, нээлттэй эдийн засаг, өндөр хөгжсөн дэд бүтэц, теле харилцааны найдвартай байдал, байгууллагууд, шинжлэх ухаан техникийн төвүүд болон их дээд сургуулиудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа өндөр түвшинд байдаг нь энэ улсын давуу тал. Түүнчлэн шинэ технологуудыг хурдацтай нэвтрүүлдэг, хүн амынх нь боловсролын түвшин өндөр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлсэн нь хамгийн тайван, аз жаргалтай, өндөр хөгжилтэй орнуудын нэг болоход нөлөөлжээ.

 

Ажил, сургууль -цахим орчинд

 

Финлянд шиг тоон технологи өндөр хөгжсөн оронд гэрээсээ суралцах, ажиллах хэлбэрт шилжих нь бусад орнуудтай харьцуулахад тун хялбар байв. Финляндын сурагч бүрт зөөврийн компьютер бий.

 

Гэтэл дэлхийн олон оронд, тэр дундаа Монголд сурагчид зөөврийн компьютер хэрэглэх нь тун цөөн, интернэтэд холбогдох нь бүү хэл гэрэл цахилгаангүй айл өрх ч нийслэлд байгаа нь цар тахлын үед хүүхдүүдийн сурах боломжийг боомилж байгаа юм. Финляндчууд засгаа эсэргүүцэхгүй байгаагийн нэг шалтгаан нь мөн л энэ боломжтой холбоотой. Өндөр технологи хөгжсөн, хүүхэд бүр цахим хичээлд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан хойно гэрээсээ суралцахыг эсэргүүцээд байх шаардлага үгүй. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Кса:
Өнгөрсөн мэдээлэл байна. Финлянд чинь баларсан, тавиад туусан.
2020-11-30