Цар тахалтай тэмцэх Грекийн туршлага
2020-12-01

Европын орнууд дундаас цар тахалтай ихээхэн амжилттай тэмцэж буй өөр нэг орон нь Грек улс. Энэ улсын амжилт нь юу байв? 

 

Хязгаарлалт хэзээ эхлэв

Халдварын анхны тохиолдол гарахаас өмнө л Грект бусад орнуудаас ирсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаж эхэлжээ. Бүхий л ирэх нислэгүүд, тэр дундаа Хятадаас ирсэн нислэгүүдийг хатуу хянаж байсан гэнэ. Зочид буудлуудад хүмүүсийг тусгаарлан, хөл хорио мөрдөөгүй бол 5.4 мянган долларын торгууль ноогдуулж байжээ. 

 

Хоёрдугаар сарын 27-нд анхны халдварын тохиолдол гарсны дараа тус улс жил бүр зохион байгуулагддаг багт наадмыг цуцлав. Мөн Европын бусад орнуудаас түрүүлж, тодруулбал, гуравдугаар сарын дөрөвний өдрөөс дунд сургуулиудыг хааж, улмаар гуравдугаар сарын 11-ний өдрөөс сургалтын бүх байгууллага хаагджээ. Гуравдугаар сарын 13-ны өдрөөс супермаркетуудад үйлчлүүлэх хүмүүсийн тоонд хязгаарлалт тавин, баар, кафе, зоогийн газар, шөнийн клубууд, спорт танхим, худалдааны төвүүд, кино театр, жижиглэнх худалдааны дэлгүүрүүд, музей болон археологийн малтлагын газрууд ч хэд хоногийн туршид хаагдсан байна. Хязгаарлалт тавьсан эхний өдрүүдэд халуун байсан тул хүмүүс наран шарлагын газруудыг ихээр зорих болов. Тиймээс удалгүй наран шарлагын газруудыг ч хаажээ. 

 

Сүм хийдүүд

Грекийн тахал судлаач ерөнхий эмч Сотирис Цодрас бүхий л сүм хийдийг хаах ёстой гэсэн байр сууриа Ерөнхий сайдаараа зөвшөөрүүлж чаджээ.

 

"Өнөөдөр түүнийг үндэстний гол аврагч гэж нэрлэдэг. Түүний нэр хүнд телевизийн одуудаас ч өндөр" хэмээн Грекийн сэтгүүлч Цодрас эмчийн талаар бичжээ. Дөрөвдүгээр сард  Galop Marc байгууллагын явуулсан судалгаагаар грекчүүдийн 94.6 хувь нь ерөнхий эмчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Италид 11 хүн халдвараар нас барах үед чухамхүү энэ эмчийн зөвлөснөөр л Грекийн засгийн газар 13 анагаах ухааны төвийг урьдчилан бэлджээ. 

 

Эмчийн зөвлөснөөр сүм хийдийг засгийн газраас хаах шийдвэр гаргахад шашныхан ихээхэн дургүйцэж байв. Гэсэн ч шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж, иргэд ч хориг, хязгаарлалтыг хүлээн авчээ. 

 

Ийм арга хэмжээ аваагүй бол Израиль, Солонгос шиг тохиолдол гарах байсныг ч үгүйсгэх аргагүй. Израилийн Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, коронавирусийн халдвар авсан хүмүүсийн гуравны нэг нь сүмийн цуглаан, шашны сургалтын төвүүдэд очих үеэрээ халдвар авчээ. 

 

Грекийн "Нямхүү эмч"

Грект коронавирусийн тахлын нөхцөл байдлыг нийтэд мэдээлэх хоёр хүнийг томилжээ. Тэдний нэг нь дээр дурдсан Сотирис Цодрас. Тэрбээр халдвар судлаач, Афины их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн. Хоёр дахь хүн нь Иргэний хамгааллын орлогч сайд Николас Хардалиас юм.

 

Тэд өдөр бүр 18:00 цагт хэвлэлийн хурал хийж, сүүлийн үеийн тоон баримтыг мэдээлэхийн дээр тусгаарлалтын горим баримтлах учир шалтгаан, тахал юугаараа аюултай талаар тайлбарладаг аж. Сүүлийн үеийн судалгаагаар тэд Грекийн хамгийн алдартай хүмүүс болжээ. Яг л манайд Нямхүү эмч алдаршсан шиг.

 

Бусад арга хэмжээнүүд

Тахал эхлэх үеэр грекчүүд эрүүл мэндийн салбартаа нэн яаралтай тусламж өгч эхлэв. Тухайлбал тэд хувийн эмнэлгүүдийн тасгуудыг тохижуулан, тоног төхөөрөмж хандивлан, сэхээн амьдруулах орны тоог хоёр дахин нэмэгдүүлж, 3337 ажилтан шинээр нэмэгджээ. Эрүүл мэндийн яам 2.5 мянган ажлын байр нээсэн бөгөөд дахин 942 эмч ажилд авахаар төлөвлөж байна. 

 

Эмнэлгүүдийн ачааллыг бууруулахын тулд 24 цагаар ажиллах анагаах ухааны төвүүдийг нээсэн бөгөөд энд коронавирусийн халдварын хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүс хандаж болох аж. Зөвлөгөөг биечлэн, утсаар болон цахимаар авах боломжтой. Ахмад настай өвчтөнүүдэд үзлэг хийхийн тулд эмч, бага эмчээс бүрдсэн хөдөлгөөнт бригадыг бий болгон, тэд гэрээр нь явж үзлэг хийдэг болжээ. 

 

Олон улстай харилцах харилцаа

Есдүгээр сарын долооны өдрөөс эхлэн Грек рүү Оросын иргэдийг нэвтрүүлэхдээ хязгаарлалт тавьсан бөгөөд долоо хоногт 500 хүн л Грект ирэх боломжтой. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл хөл хориог сунгасан бөгөөд  зургаа дахь удаагаа сунгаж байгаа нь энэ юм. 

 

Хөл хорионы үеэр хил хаагдахгүй, нисэх буудлаар дамжин ирж байгаа хүмүүс ирэхээсээ өмнө 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээтэй, PLF маягтыг бөглөсөн байх шаардлагатай гэнэ. Грект ирсэн хүн бүр хөл хорионы үеэр мөрдөх зорчих хөдөлгөөний шаардлагыг хангах ёстой. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин