Эрхэмлэх зүйлтэй амьдрал үнэ цэнтэй
2020-12-01

 Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд дунд хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ/ ДОХ) нь анх 1981 онд бүртгэгдсэнээс хойш дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин болоод байгаа бөгөөд эпидемик халдвар болсноосоо хойш 75 сая хүн ХДХВ-ын халдвар авч, 32 сая хүн нас барсан байна.  2018 оны эцэс гэхэд 37,9 сая хүн (32.7-44 сая) ХДХВ/ДОХ-ын халдварыг тээж яваа гэсэн тооцоо гарчээ.

 

Манай улсын хувьд ХДХВ/ДОХ бага тархалттай орны тоонд ордог хэдий ч БЗДХ-ын тархалт өндөр, эрсдэлт бүлэг болон нийт хүн амын дунд бэлгэвчийн хэрэглээ бага, ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгаануудын улмаас ХДХВ-ийн халдвар тархах эрсдэл өндөртэй оронд тооцогддог байна.

 

Манай улсын хүн амын дундах ХДХВ/ДОХ-ын тархалтын түвшин Зүүн Ази, Номхон далайн бүсийн зарим орнуудтай харьцуулахад тархалт багатай 5 улсын тоонд багтдаг ч ХДХВ-ын халдвар бүртгэгдсэн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2019 оны эцэс гэхэд 286 тохиолдол болжээ. Харин 2020 оны аравдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол илэрч улсын хэмжээнд нийт тохиолдол 305 болсон байна. Бүртгэгдсэн тохиолдлын 44 нь нас барсан байна.

 

 

Сүүлийн 10 жилийн дунджаар ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн жилд дунджаар 22-оор нэмэгдэж байна. ХДХВ/ДОХ-оор шинээр өвчлөгчдийг сүүлийн 10 жилийн дунджаар, хүйсээр харвал 81.3 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ үзүүлэлт 2019 онд 77.8 хувь болж, сүүлийн 10 жилийн дунджаас 3.5 пункт, өмнөх оноос 5.6 пунктээр тус тус буурсан байна.

 

 

Насны бүлэг, хүйсээр харвал 15-54 насанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилж, үүнээс 40-44, 25-29 насанд л эмэгтэйчүүд өвчилсөн байна. Өвчлөлийн түвшин 30-34 насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд хамгийн их байна.

 

 

 

Нөхөн үржихүйн насныхан буюу залуучууд хайрлаж дурлана, хамт шөнийг өнгөрөөх нь дамжиггүй. Гэвч нэг л хавьтагчтай байж, түүндээ үнэнч үлдэхийг эрүүл мэндийн салбарын ажилчид учирлаж байна. Энэ нь таныг ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлж чадна. 

 

Амьдралдаа үнэнч байж бэлгийн ганцхан хавьтагчтай байхыг уриалж байна. Эрхэмлэх зүйлтэй амьдрал үнэ цэнэтэй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин