Орост хамгийн эхний сүлд модыг асаажээ
2020-12-02 08:30

Орос даяар хамгийн эхний сүлд модыг асаах ёслол Якутскад болжээ. Энэ арга хэмжээ "Өвөл Якутаас эхэлдэг" бүх Оросын фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

Наадмын хүрээнд сүлд модыг асаах даалгавар Великий Устюгоос ирсэн Оросын Өвлийн өвгөн болон Хүйтний туйлаас ирсэн Якутын өвлийг ивээгч Чысхаан нарт ноогддог аж.

 

Энэ жил цар тахлын улмаас наадам цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Оймяконд байх Эбэ Хайа дагшин уул болох Хүйтний туйлаас ирсэн Чысхаан Якутын тэргүүнд хүйтний бэлгэдэл, шидэт талст, Өвлийн үхэрний эврийн хэлтэрхийг өгсөн байна.

Уламжлал ёсоор ийнхүү Якутын гол сүлд модыг асаасны дараа бүхий л хот, суурингуудад сүлд моднуудыг асаах бөгөөд ингэснээр улс орон даяар шинэ жилийн арга хэмжээ эхэлж байгааг бэлгэддэг аж. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ жил цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа тул төв талбай дээрх сүлд модны ойролцоо олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин