Цар тахал: Буриад хөл хориогоо цуцлав
2020-12-02

Буриадад 12 дугаар сарын нэгнээс эхлэн хөл хорио цуцлагдав. Дунд сургуулиуд дахин танхимаар хичээллэж, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарууд үйлчлүүлэгчдийнхээ өмнө дахин хаалгаа нээв.

 

Хоёр долоо хоног цахимаар хичээллэсэн хүүхдүүд анги танхимдаа эргэн цугларсан ч бүх сургууль хэвийн горимд шилжээгүй байна. Тодруулбал сургуулийн нэг байртай ч 1000-аас дээш сурагчтай сургуулиуд нийт сурагчдынхаа 30 хувийг цахимаар хичээллүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс цахимаар хичээллэх хүүхдүүдийг хоёр долоо хоногийн хугацаатай ээлжлэх юм байна.

 

Түүнчлэн сургуулийн дотоод журам, зохион байгуулалт ч коронавирусийн халдварын улмаас өөрчлөгджээ. Хичээлүүд тусгайлан боловсруулсан хуваариар орох бөгөөд анги бүр тусгай танхимд орно, энэ ангиасаа тусгай тоног төхөөрөмжтэй хичээл орох үеэр л гарах аж. Хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал хийж, анги танхимд салхи оруулан, хүүхдүүдийг нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй байх гэнэ. 

 

Буриадын сургуулиудад анги тус бүрээр хичээл орох цагийг тогтоож өгсөн бөгөөд сургууль руу ороход нь халууныг хэмжин, гарыг нь ариутгуулах бөгөөд давхар бүрт агаар цэвэршүүлэгч байршуулсан байна. 

 

Мөн 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн бүхий л худалдааны төвүүд агаар сэлгэгч байршуулан, хүмүүсийн урсгалд хяналт тавих шаардлагатай болжээ. Урьдын адил зөвхөн амны хаалттай хүнд үйлчлэх бөгөөд хүн хоорондын зай баримталж, кафе, зоогийн газруудад нэгр ширээний ард дөрвөөс дээш хүн суухыг хоригложээ. Цар тахлын улмаас хамгийн их хохирсон эдийн засгийн салбаруудын нэг болох  нийтийн хоол, үйлчилгээний салбарынхны өгүүлснээр дахиад нэг л удаа хөл хорио тогтоовол дампуурахад бэлэн байгаа тул ямар ч шаардлага тавьсан биелүүлэхэд бэлэн гэж Вести агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. 

 

"Энэ хоёр долоо хоногийн хугацаанд нийтийнх хоолны салбар бүхэлдээ ихээхэн алдагдалд орлоо. Эргээд хөл дээрээ босохын тулд хэдэн сар хэрэгтэй байх. Гэлээ ч бид зочдоо хүлээж байна, бүхий л шаардлагуудыг биелүүлнэ, бидний ажил хэрэг сайн болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн нэгэнх зоогийн газрын эзэн Константин Агалов ярьжээ.

 

Эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг бүхий л байгууллагууд дагаж мөрдөх ёстойг Засгийн газар анхааруулсан байна. 

 

"Оросын хэрэглэгчийн хяналтын газрын бүхий л шаардлагуудыг биелүүлсэн нөхцөлд 22 цаг хүртэл ажиллаж болно. Түүнчлэн халуун усны газар, саун, спа-салон, спорт клуб, компьютер клубуудын үйл ажиллагааг сэргээсэн. Гэхдээ эдгээр байгууллагууд нэг удаад танхимын дүүргэлт 50 хувиас илүүгүй байх ёстой" хэмээн Буриадын Аж үйлдвэр, худалдааны сайд Сергей Желтиков онцолсон байна.

 

Эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр арга хэмжээ нь коронавирусийн тархалтыг хянаж, боловсролын байгууллагууд, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудыг дахин хаалгаа барихаас зайлсхийх боломжийг өгөх гэнэ. Хэдийгээр Буриад хатуу хөл хорионы горимоос гарсан ч ирэх оны нэгдүгээр сарын сүүл хүртэл аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин