Халдвар тархсан зургаан аймаг, Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хуралдаанаар "Ковид-19" халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр багц асуудлыг шийдвэрлэжээ.
Нэгдүгээрт, халдвар тархсан зургаан аймаг болон Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан байна. Тусгаарлах байр, шинжилгээ зэрэг маш олон төлөвлөгдөөгүй зардал гарсан учраас тус дэмжлэгийг үзүүлж байгаа аж.
Хоёрдугаарт, нэг тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр авч байгааг 50 хувь хямдруулж 75 мянган төгрөгөөр, нэг шуудай түлшийг 3850-иас 1850 төгрөгөөр худалдаж авах боломжийг бүрдүүлжээ. Иймд иргэд маргааш өглөө 06.00 цагаас эхлэн дээрх хямдруулсан үнээр сайжруулсан шахмал түлшийг худалдан авах боломжтой аж. Засгийн газрын энэ шийдвэр ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Гуравдугаарт, цаашид эрсдэлтэй байж болзошгүй найман бүс нутагт Засгийн газраас нэг сарын хугацаатай хяналтын баг арав, арван хоногийн хугацаатай ээлжлэн очиж ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ