АНУ тусгаарлалтын хугацааг 10 болгож багасгана
2020-12-02 12:28

АНУ-ын эрх баригчид коронавирусийн халдвар тээгчидтэй хавьтсан хүмүүсийн хөл хорионы үргэлжлэх хугацааг 10 хоног болгон бууруулахаар болжээ. Энэ талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс авсан эх сурвалжтайгаар CNN  дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ойрын үед цар тахлын нөхцөлд өөрийгөө тусгаарлах шинэчилсэн зөвлөмжийг гаргахаар болсон талаар эрх баригчдад мэдээлсэн байна. Өмнө нь халдвар тээгчидтэй хавьталд орсон хүмүүсийг 14 хоногийн хугацаагаар тусгаарладаг байсан бол энэ хугацааг 10 хоног болгон бууруулахаар болжээ. Харин коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарвал зайлшгүй тусгаарлалтад байх хугацааг долоо хоног болгох гэнэ.

 

Шаардлагууд зөөлөн байх тусам хүмүүс илүү их мөрдөнө гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв үзэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байлаа. "Тест хийсэн нөхцөлд хөл хорионы хугацааг бууруулах боломжтой гэж бид судалгаан дээр үндэслэн үзэж байна" хэмээн дээрх төвийн төлөөлөгчид мэдэгдэж байсан юм.

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ дахь коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 13.7 саяыг давж, үүнээс 270 мянга гаруй хүн нас барсан байна. Халдвар болон нас баралтын тоогоороо АНУ дэлхийд нэгдүгээрт бичигдээж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин