ХБНГУ: АНУ "Новичок"-ийг үйлдвэрлэдгээ хүлээн зөвшөөрсөн
2020-12-03

АНУ-ын арми "Новичок" мэдрэл саажуулах бодисын олон төрлийг гарган авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэ талаар Германы  Засгийн газраас гаргасан, "Алексей Навальныйг хордуулсан" тухай бундестагийн гишүүдийн асуултад өгсөн 76 хариултад өгүүлжээ.

 

ХБНГУ-ын Засгийн газар руу "Германы альтернатив" улс төрийн намаас бундестагт сонгогдсон гишүүд асуулга илгээсэн байна.

 

Edaily цахим хэвлэлийн мэдээлснээр, баримт бичигт ХБНГУ-ын Засгийн газар "Навальныйг "Новичок" байлдааны бодисоор хордуулсныг тогтоосны дараа үүний хариуцлагыг Химийн зэвсгийг хориглох байгууллагын конвенцийн гишүүн бүхий л орнуудад үүрүүлсэн" гэнэ.

 

Навальныйн биеэс олдсон хорны химийн нэгдэл 2018 онд Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан бодисоос илүү аюултай, хортой байсан гэдгийг Мюнхен дэх Бундесварын эмзүй, хор судлалын хүрээлэн тодорхойлсныг Засгийн газар мэдэж байсан эсэх талаарх асуултад "Энэ талаар мэдээлэлгүй" гэсэн хариулт өгчээ. 

 

Түүнчлэн, Засгийн газраас өгсөн хариултуудад, "Новичок" нь улсын байгууллагууд төдийгүй хувь хүмүүс ч авах боломжтой байдаг гэдгийг батлах баримтууд олдсон гэж онцолсон байна.

 

"Ерээд оны дунд үед гэхэд л зарим гэмт хэргийн бүлэглэлүүд "Новичок"бүлгийн мэдрэл саажуулах бодисуудыг олж авсан байсан гэдэг нь батлагдсан. 1997 оны нэгдүгээр сард Вашингтон Таймс сонин "Новичок" бүлгийн төрөл бүрийн хорны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Америкийн химийн зэвсгийн шинжээчийн үгийг иш татсан байв. Харин 2018 онд АНУ-ын арми "Новичок"-ийн төрөл бүрийн хувилбарыг үйлдвэрлэж байснаа хүлээн зөвшөөрсөн" хэмээн Германы Засгийн газрын баримт бичигт өгүүлжээ.

 

Түүнчлэн энэ баримтад хорны "эзэн"-ийг олоход тун хүнд гэж Британийн "Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн лаборатори"-ийн тэргүүн тайлбарласныг тусгасан байна. Лабораторийн тэргүүн Гэри Айткенхедийн өгүүлснээр, Скрипалийнхныг хордуулсан тохиолдол дээр ч тэдний лаборатори "Новичок"-ийн ул мөр олж чадсан ч хорыг хэн ашигласан гэдгийг тогтоож чадаагүй гэнэ. 

"Новичок" гэж юу вэ?

Наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр Оросын сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Алексей Навальный гэнэт бие нь муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч  есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн юм.  

 

Навальныйг "Новичок"-оор хордуулсан нь тогтоогдсон гэж Германы Засгийн газар мэдэгдсэнийхээ дараа өөрсдийн зүгээс шалгалт явуулсан бөгөөд Навальныйн хэрэгтэй холбоотой Герман, Оросын харилцааны асуудал өнөө хэр нь тодорхойгүй, үл ойлголцсон хэвээр байгаа юм. 

 

"Новичок" бодисыг хамгийн сүүлд хэрэглэсэн дуулиантай тохиолдол одоогоос хоёр жилийн өмнө гарч байлаа. Тодруулбал,  2018 онд Британид  Оросын Тагнуулын газрын хурандаа асан Скрипалийг охиных нь хамт Лондон хотноо хордуулсан юм. Орос, Британийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамт мэдрэл саажуулах үйлчилгээтэй бодисоор хордуулсан гэж Британи мэдэгдэж байлаа.

 

Мэдрэл саажуулах бодис гэдэг нь байлдааны хордуулагч бодисонд хамаардаг бөгөөд дэлхий даяар хэрэглэхийг хориглосон. 1997 онд хүчин төгөлдөр болсон Химийн зэвсэг хориглох тухай конвенцоор химийн зэвсэг үйлдвэрлэх, ашиглахыг хориглосны дээр химийн зэвсгийн бүхий л нөөцийг устгах талаар тусгасан юм.

 

Байлдааны хордуулагч бодисуудын дотроос илүү хор хөнөөлтэй мэдрэл саажуулах бодисыг Германд боловсруулан гаргаж байв. Энэ бол хүний бие организм дахь мэдрэлийн импульс дамжуулалтыг алдагдуулж, саажилт үүсгэн, улмаар үхэлд хүргэж болзошгүй аюултай бодис юм. 

 

Хүн арьсаар дамжуулан эсвэл амьсгалын замаар мэдрэл саажуулах бодисоор хордох боломжтой гэнэ. Энэ бодисыг хоёр тэмдэгтээр нэрлэхдээ  G буюу Germany-Германийн эхний үсгийг ашигладаг байна. 1930-аад онд табун (GA), зарин (GB), зоман (GD) болон  циклозарин (GF) бодисуудыг гарган авчээ. Улмаар мэдрэл саажуулах хорт бодисын хоёр дахь төрөл болох V төрлүүд үүссэн байна. Эдгээрт VX, VE, VG, VM болон VR гэсэн үндсэн төрлүүд байдаг гэнэ. Энэ төрлүүд дундаас VX бодис нэн хортой бөгөөд хүн арьсаараа дамжуулан 10 мг бодисоор хордвол хэдхэн мөчийн дотор амиа алдах магадлал 50% байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин