АНУ-ын 40 гаруй муж Фейсбүүкийг шүүхэд өгнө
2020-12-03

АНУ-ын 40 гаруй мужийн захиргаа ирэх долоо хоногт Фейсбүүк компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Фейсбүүк компани АНУ-ын монополийн эсрэг хуулийг зөрчсөнд буруутган ийнхүү шүүхэд өгөхөөр болжээ.

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хуульзүйн хорооны Монополийн эсрэг бодлогын дэд хороо 16 сарын турш явуулсан мөрдөн шалгалтын дүнгээр 449 хуудас бүхий илтгэлийг 10 дугаар сарын зургааны өдөр танилцуулж байсан бөгөөд энэ илтгэлд Amazon, Facebook, Google болон Apple компаниуд өрсөлдөөнийг таслан, зах зээл дээр монопол тактик ашигладаг гэсэн дүгнэлтийг тусгасан байв. 

 

Улмаар 10 дугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Хуульзүйн яам Google компанийг цахим талбар дээрх өрсөлдөөнд хохирол учруулдаг гэж үзэн иргэний зарга үүсгэсэн юм. Энэ хэрэгт Холбооны засгийн газрын хамтаар 11 муж нэхэмжлэгчээр оролцож байв. 

 

Түүнчлэн, Холбооны эрх баригчид Facebook болон Google компаниудыг АНУ-ын монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөнд буруутган дахин дөрвөн нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаа талаар даваа гаригт Уол Стрит сонин мэдээлж байсан юм. Эдгээр нэхэмжлэлүүдийг ирэх сарын сүүл гэхэд шүүхэд гаргах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятад эхнэртэй болохоор ад үздэг байх. Хүмүүсийн хувийн нууц мэдээлэлд ойрхон сайт хужаа авгайн гарт байхаар
2020-12-03