Тандалтын шинжилгээг нийслэлийн өрх бүрээс авна
2020-12-03

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

 

-Нийслэлд коронавирусийн халдварын  тандалт судалгааны ажлыг  зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 532 иргэнд тандалт судалгааг хийлээ. Энэ хугацаанд хөдөө орон нутгаас ирж байгаа  болон явж байгаа иргэдэд тандалтын судалгааг  хийж гүйцэтгэж байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон нийтийн тээврийн автобусны жолооч болон зорчигчдын шинжилгээний бичигт хяналт тавьж ажиллаж байна. 

 

Мөн сайжруулсан түлшний хангалт дээр анхаарч ажиллаж байгаа. Хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийн галлагаа нэмэгдэж байна. Энэ чиглэлээр  түлш борлуулах цэгүүд болон дундын бааз, хангамжийн баазуудад үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулах чиглэлээр тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж ажиллаа. Өнгөрсөн хугацаанд 306 борлуулалтын цэг дээр 2500 орчим тонн түлшний тээвэрлэлт хийсэн. Мөн дундын болон хангамжийн баазууд дээр 1200 орчим тонн  нөөцийг бүрдүүлээд байна. Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулсантай холбогдуулан түлшний эрэлт нийлүүлэлтэд анхаарч байгаа. 

 

Иргэдийн хүнсний хэрэглээг хангах зорилтод бүлгийн иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тооцоо судалгааг гаргаж байна. Одоогийн байдлаар 20 гаруй мянган иргэдэд хүнсний тусламжийн багц үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1583 тээврийн хэрэгсэл, 3141 зорчигч нийслэл хот руу нэвтэрсэн байна. Мөн 2460 тээврийн хэрэгслээр 7616 зорчигч нийслэлээс гарсан.  Өнгөрсөн хоногийн хугацаанд 5359 тээврийн хэрэгсэлд QR код олгох ажлыг зохион байгуулж байна. 

 

Нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 879 нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцож байгаа. Үүнд хяналт тавин ажиллаж байна. Халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 16 байгууллага 216 аж ахуй нэгж байгууллага дээр халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа. Өнөөдрийн байдлаар 987 чиглэлд 5137 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

 

Нийслэлийн хэмжээнд коронавирус халдварын тандалтын судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй  иргэнд  "нэг өрх-нэг иргэн" гэсэн зарчмаар тандалтын шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 04-11-ний өдрүүдэд 70 мянган иргэнээс шинжилгээ авна. 

 

  • Баянгол дүүрэгт: 6 цэг

  •  Баянзүрх дүүрэгт: 6 цэг

  • Сонгинохайрхан дүүрэгт: 4 цэг

  • Сүхбаатар дүүрэгт: 3 цэг

  • Хан-Уул дүүрэгт: 4 цэг

  • Чингэлтэй дүүрэгт: 2 цэг

  • Багануур дүүрэгт: 2 цэг

  • Налайх дүүрэгт:  2 цэг

  • Багахангай дүүрэгт: 1 цэг бий. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин