Карабах: Азербайжан дайны хохирлынхоо хэмжээг ил болгов
2020-12-04

Уулын Карабахд болсон дайны үеэр Азербайжаны 2783 цэргийн алба хаагч амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Одоогоор 1245 цэргийн алба хаагч эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. 

 

Энэ талаар Азербайжаны Батлан хамгаалах яам Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Яамны мэдэгдсэнээр 103 амиа алдсан цэргийн хэн болохыг ДНК тестээр тогтоох ажил явагдаж  байгаа бөгөөд 100 гаруй цэргийн алба хаагч ор сураггүйд тооцогдсон, тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

 

Ийнхүү Азербайжаны тал бие бүрэлдэхүүний хохирлын талаар албан ёсоор мэдэгдэхээс өмнө 12 дугаар сарын хоёрны өдөр Армени хохирлынхоо талаар зарласан юм. Арменийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Карабахд амиа алдсан 2718 цэргийн алба хаагчийн цогцос таних ажлыг хийжээ.

 

Харин хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тулааны явцад тус улсын 1746 цэргийн алба хаагч амиа алдсан байна.

 

Энд дуулгахад, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев есдүгээр сарын 27-ны өдрийг Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр, 11 дүгээр сарын 10-ны өдрийг Ялалтын өдөр болгон тогтоосон юм. Есдүгээр сарын 27-ны өдөр Карабахд Азербайжан, Арменийн тулалдаан эхэлсэн бол 11 дүгээр сарын 10-ны өдөр цэргийн ажиллагааг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан өдөр тул ийнхүү сонгожээ.

 

Эргэн сануулахад, Уулын Карабахд есдүгээр сарын 27-ны өдөр нөхцөл байдал хурцадсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд өрнөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Уулын Карабах 1988 онд Азербайжаны бүрэлдэхүүнээс тусгаарласнаас үүдэлтэй хоёр талын сөргөлдөөн 1994 он хүртэл үргэлжилж, зэвсэгт мөргөлдөөн 1994 онд Орос болон Киргизийн зуучлалаар зогсож байлаа. 

 

Олон улсын оролцоотойгоор хэлэлцээрийн замаар шийдвэрлэх гэж хичээсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ийнхүү өнгөрсөн сарын сүүлээр талууд тулалдаж эхэлсэн юм. Улмаар удаа дараа гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч талууд тохиролцоогоо зөрчиж байгаад 11 дүгээр сарын есний өдөр ОХУ, Азербайжан, Арменийн төрийн тэргүүнүүд байлдааны ажиллагааг дуусгах талаар хамтарсан мэдэгдэл гаргаснаар нөхцөл байдал тогтворжсон. Мөн Оросын энхийг сахиулагчид маргаантай бүс нутагт хяналт тавихаар болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд сургамжтай үйл явдал гэж дүгнэж байна уу? Эрх баригчид?
2020-12-07