ВИДЕО: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
2020-12-04

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын 2021 оны төсөвт бүхэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

УИХ дахь АН-ын бүлэг 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн бол МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр сууурьт нэгдсэн байлаа.  Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж үзсэн юм.  МАН-ын олонх гишүүд хоригийг дэмжээгүй учраас АН-ын бүлэг санал хураалтанд оролцохгүйгээ илэрхийлээд хуралдааныг орхин гарав. 

 

Ерөнхийлөгчийн  хоригт:

  • Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,

  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,

  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,

  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх саналыг тусгасан байлаа. 

 

Энэ бол хориг биш сануулга

 

11:50 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж байгаа.  Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол Ковакс юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Үүнд хамрагдснаар вакцин худалдаж авахад оочер дарааллыг дайрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хоёр сая хүний вакцин авна гэдэг үйлдвэрлэгч талаасаа ч тэр, бизнес талаасаа ч тэр бага  хэмжээний худалдан авалт болно. Хэрэв бид энэ төсөлд хамрагдахгүй бол магадгүй хамгийн сүүлд вакцин авах орны тоонд орж болзошгүй. Хоёрт хүн амынхаа 20 хувьд үнэгүй худалдан авалт хийх боломжтой гэдгээрээ онцлог. Үлдсэн 80 хувийг нь худалдаж авна.

 

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, биеийн тамир спортын зөвлөх С.Ламбаа:

 

-Олон улсын байгууллагаар дамжуулж бүх вакцинаа авчихна гэж байгаа бол үүн шиг худлаа юм байхгүй. ДЭМБ 192 орондоо бүгдэд нь нэг юм амсуулахаа бодно. Бид энэ зовлонг үзсэн хүмүүс шүү дээ. Ихдээ 10-20 хувийг л өгнө. Бусдыг нь дандаа бид төсвийнхөө мөнгөөр авдаг. Вакцины зарлагдаж байгаа үнэ нь 25-37 ам.доллар байна. Хоёр тун хийлгэхээр 400 орчим тэрбум төгрөг болно. Маш өндөр үнээр тээврийн зардал төлдөг. Тиймээс улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаад аль хэзээ захиалгаа өгсөн байх ёстой. Covid-19-ийн вакцин жил бүр хэрэг болно.  Төгс эмчилгээний ганц арга вакцин.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Засгийн газар 2021 оны төсвийг зохицуулалт хийгээд үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нь байгаа. 2021 оны төсөв дээр тодотгол хийх нь цаг хугацааны асуудал байх болно. Төсвийн хууль хэрэгжээд эхэлсний дараа тодотгол хийх нөхцөл үүснэ гэж бодож байна. Бид Covid-19 цар тахлын үед эдийн засгаа хумиж хүндрэлийг давах уу, эсвэл тэлж үү гэдэг сонголтын өмнө  байна. 2021 оны төсөвт суусан хөрөнгө оруулалтуудыг гишүүд хас гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй, харин ч хасах нь буруу эдийн засгаа дэмжих ач холбогдолтой. Ажлын байрыг хадгална. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд цар тахлын дэгдэлттэй холбоотой хэд хэд арга хэмжээг Засгийн газраас авсан. Тухайлбал, хүн амын орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд тэглэсэн. Аравдугаар сарын 1-нээс ХАОТ-ыг тэглэсэн хуулийн үйлчлэл зогсоод эргээд татварыг хуулийн дагуу авч байгаа. Цаашид цар тахлын дэгдэлт намжихгүй бол 2021 оны төсөвт тодотгол хийхээр болбол хүн амын орлогын албан татварыг тэглэх асуудлыг авч үзэх нь зүйтэй. 2021 оноос ажил олгогч болон ажилтны төлөх НДШ  тус бүр нэг нэг хувиар буюу  нийтдээ хоёр хувиар нэмэгдэх хууль хэрэгжинэ. Цар тахлын дэгдэлт арилаагүй байгаа үед НДШ-ийг хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах уу эсвэл  эргэж харах уу гэдгийг эргэж харах шаардлагатай.  Төсвийн тодотголд Засгийн газар дээрх асуудалд анхаараарай.

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

 

-Соёл, урлагийн байгууллагын салбарын төсвийг хасах гэж байгааг ойлгохгүй байна. Соёл, урлагийн салбарын төсвийг царцаана гэдэг нь тусгаар тогтнолоо царцааж байгаа асуудал. Соёл урлагийнхан цалин багатай, сэтгэлийн дуудлагаараа ажилладаг. Соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Хөдөө орон нутагт сургуулийн дотуур байрны барилга засварлах шаардлагатай, мөөгөнцөрсөн байгаа. Соёл, боловсрлын хөрөнгө оруулалтыг царцааж, танана гэдэг дээр санал нэгдэхгүй байна. 

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд:

 

-Энэ бол хориг биш сануулга. Өнөөдөр аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Өнөөдөр ард түмний амьд явах асуудал яригдаж байна. Улс төр хийж буруу тийшээ яваад байна. Олонх, цөөнх, улс төрийн хоёр үзэл бодол гэж байхгүй. Өнөөдөр төр 24 цаг ажиллах ёстой. Төсөв танах асуудал яригдаагүй, эрэмбэлэх асуудал яригдаж байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
15 тэрбум-г ӨӨрсдөөсөө төл!!!:
Эрхмэдэлтэй Ч ТОЛГОЙГҮЙ хүмүүс 15 тэрбум-г зүгээр л коридорт Шидчих юмаа
2020-12-05
Зочин:
Энэ Л. Болд хориг биш сануулга гэж юу солиороод байнаа, тэгж хэлээд хоригийг унагачихлаа даа, наад нөхөр чинь "шударга таван гишүүн" операци, шинэ нам байгуулалцаж АН-ын саналаас зулгааж МАН-ыг ялуулсан урвагч "Түгжил" шүүдээ. Энэ хүнд үед төсвөө хэмнэлттэй зарцуулж, ковидыг дарж эдийн засгаа хүнд байдлаас хурдан гаргая гэсэн гол утгатай хориг юу нь буруу юмбэ?
2020-12-04
зочин:
Хүнд хэцүү цаг үе бүхэнд Монголчуудад гараа сунган аварч ирсэн агуу их Оросын ард түмэн мандтугай. Харин шинжлэх ухааны ололтоороо дэлхийд гайхагдсан Оросын вакциныг тоохгүй байгаа манай усан тэнэг улс төрчид сөнөтүгэй.
2020-12-04
Хошного Болдоо нөгөө хоёр хүнээ суллуулахгүй юмуу.Хурц гарчихлаа ш дээ.
2020-12-04