COVID-19 халдвараас эмээсэн эмэгтэй 57 кг туржээ
2020-12-04

Их Британийн оршин суугч Эмма Форрест-Ли коронавирусийн халдвар тусч, нас барахаас айсны улмаас 57 кг турсан талаар Британийн Метро сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахал эхлэх үед 46 настай Эмма 114 кг жинтэй байсан гэнэ. Харин коронавирусийн халдварын үед илүүдэл жин нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг талаарх анхааруулгын дараа өөрийгөө халдвар авах өндөр эрсдэлтэй, ихэд айсан гэж эмэгтэй ярьжээ. 

 

Ингээд тэрбээр турахаар шийдэн, цар тахлын талаарх Британийн засгийн газрын өдөр тутмын тайланг сонсон, өөрийгөө сэдэлжүүлж байсан гэнэ. Эмма зорилгоосоо ухрахгүйн тулд илүүдэл жинтэй хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдолд хүндрэх магадлал өндөр талаарх мэдээ уншдаг байжээ.

 

Энд дуулгахад, шинэ төрлийн коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас л хойш өвчин нь хүндэрсэн хүмүүсийн дунд илүүдэл жинтэй хүн их байгаа талаар дэлхийн олон орны эмч нар анхааруулж байлаа. Хэдхэн килограмм илүүдэл жинтэй байсан ч халдварын үед өвчин хүндрэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг нь есдүгээр сард хийсэн судалгаагаар ч мөн батлагдсан юм. 

 

Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд, 399 мянган хүнээс түүвэрлэн судалгаа хийхэд коронавирусийн халдвар авсан хүмүүс бусадтай харьцуулахад эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлага 2.13 дахин, уушгины хиймэл амьсгалын аппаратад залгуулах тохиолдол 1.74 дахин их байсан бол илүүдэл жинтэй хүмүүс коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас барах тохиолдол нь бусадтай харцуулахад 1.48 дахин их байжээ. АНУ-д хийсэн судалгаагаар, арван өвчтөн тутмын гурав нь илүүдэл жинтэй, өөр тав өвчтөн нь таргалалттай байсан гэнэ. 

 

Үүний шалтгаан нь:

- гэдэс орчмын өөх өрцөн дээр дарж, ингэснээр уушгины багтаамж багасан, цус хүчилтөрөг бага дамжуулдаг. 

- таргалалтын улмаас судсанд тромбууд үүсэх нь ихэсдэг бөгөөд коронавирусийн үед эдгээр тромбууд үүсдэг байна. 

- таргалалт нь дархлааны системийн ажиллагааг алдагдуулдаг. Учир нь өөх тос дархлааны эсүүдийг боловсруулдаг эд эсд саад болдог байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин