Чех Зул сарын өмнө хязгаарлалтаа сулруулав
2020-12-04

Чехийн Засгийн газар хөл хорих цаг болон олон нийтийн газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон журмыг цуцалжээ.

 

Пүрэв гарагаас эхлэн тус улсад дэлгүүр, худалдааны төвүүд, зоогийн газар, баар, зочид буудлууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн талаар Интерфакс мэдээлсэн байна. Гэхдээ зарим төрлийн хязгаарлалт урьдын адил мөрдөгдөх аж.

 

Тухайлбал, зоогийн газрууд багтаамжийнхаа 50 хувь хүртэл зочид хүлээн авах боломжтой. Дэлгүүр болон худалдааны төвүүд мөн л үйлчлүүлэгчдийн тоонд хяналт тавьж, нэг хүнд дод тал нь 15 кв. м талбай ноогдохоор нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм байна.

 

Түүнчлэн, пүрэв гарагаас эхлэн фитнесс төв, спорт танхим, музей, парк, номын сан, казино, усан сан дахин нээгдсэн бол театр, кинотеатрууд хараахан хэвийн үйл ажиллагаандаа ороогүй гэнэ.

 

Чех улс коронавирусээс үүдэлтэй нас баралтын эзлэх хувиараа Европдоо хамгийн өндөр орнуудын нэгд тооцогдож байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 8.6 мянган хүн коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчний хүндрэлээр нас барсан бөгөөд үүнээс 7.7 мянга орчим нь 10-11 дүгээр сарын хооронд нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Туршлага судалж монголд
2020-12-05