Антиоксидантуудын АШИГТАЙ болон СӨРӨГ талууд
2020-12-05

Сүүлийн үед антиоксиданттай гэх хүнсний нэмэлтүүд ихээхэн дэлгэрсэн. Антиоксидантууд бие эрхтний олон системийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй зарим төрлийн өвчин хүндрэх эрсдлийг бууруулдагтай холбоотой. Гэхдээ аливаа зүйлийнх тун нь хэтэрвэл хор болдог тал бий. Тиймдээ ч антиоксидантуудыг хэт их шүтвэл эрүүл мэндэд хор нөлөөтэй байдаг талаар судлаачид анхааруулжээ. Америкийн Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн цахим хуудсан дээр нийтлэгдсэн судалгаануудын дүнгээс нэгтгэсэн мэдээллийг товчлон хүргэж байна.

 

Антиоксиданттай нэмэлтүүдэд юу агуулагддаг вэ? 

Антиоксидантууд агуулсан нэмэлтүүд нь хүний биед чөлөөт радикалууд сөргөөр нөлөөлөхөд саад болдог бодисуудын концентратуудыг өөртөө агуулдаг.  Чөлөөт радикалууд нь хоол боловсруулах явц, эсвэл биеийн ачаалалтай үед ялгарч байдаг хүний биеийн зүй ёсны элемент гэдгийг онцлох нь зүйтэй. Гэхдээ бусад шалтгаанаар ч чөлөөт радикалууд үүснэ. Эдгээр шалтгаанд хэт ягаа туяаны цацраг, агаарын бохирдол, тамхи, пестицид зэрэг химийн хортой бодис бие организмд нэвтрэх нөхцлүүд багтана. 

 

Хүний биед хэт их хэмжээний чөлөөт радикалууд үүссэн нөхцөлд исэлдүүлэгч процесс гэгч үүсэх бөгөд энэ нь эд эс цагаасаа эрт хөгшрөх, төрөл бүрийн өвчин тэр дундаа хавдрын өвчнүүд даамжрах эрсдлийг дагуулдаг.

 

Харин энэ төрлийн явцуудаас урьдчилан сэргийлэхийн тулд антиоксидантууд тустай. Антиоксидант шинж чанартай, үр ашигтай бодисуудын тоонд А,С, Е витаминууд болон селен багтана. Антиоксидант ихээр агуулсан хүнсний нэмэлтүүдэд эдгээр бодисуудын өдөрт хэрэглэх нормын 70-1660 хувь агуулагдах боломжтой гэнэ. 

 

Энэ төрлийн бичил элементүүдийг тогтмол хэрэглэснээр чөлөөт радикалуудын сөрөг нөлөөг бууруулж, нас уртасган, дархлаа сайжруулах боломжтой гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ антиоксидантуудыг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.

 

Антиоксидантуудыг хэтрүүлснээс үүдэх хор нөлөө 

Судлаачдын үзэж байгаагаар антиоксидантуудыг хэтрүүлвэл хор уршиг нь хэрэглээнээс үүдсэн ач тусаас ч хавьгүй их байдаг гэнэ.

 

Бие бялдрын үзүүлэлтүүдийг сааруулна

Биеийн ачааллын үед хүний бие чөлөөт радикалуудыг үүсгэдэг. Дасгал хөдөлгөөн хүнд, удаан байхын хэрээр чөлөөт радикалууд ихээр ялгарна. Радикалууд ихээр ялгарснаас болж хүн илүү ихээр ядрах бөгөөд булчингийн эдүүд гэмтдэг тул антиоксидантууд хүчний үзүүлэлтүүд, булчингийн тэсвэрийг нэмэгдүүлж, нөхөн сэргээгдэх явцыг хурдасгана гэж эрдэмтэд таамаглаж байв. 

 

Гэвч С болон Е витамин агуулсан антиоксидант нэмэлтүүдийг хэрэглэх нь бие организм ачаалалд дасан зохицоход саад болж, чанартайгаар дасгал хийх чадварыг бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. 

Хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ

Чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс үүдэлтэй исэлдэх явц нь хавдрын өвчин үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг гэж судлаачид үздэг. Тиймээс антиоксидантуудыг хэрэглэснээр хавдар үүсэх, тухайнх өвчнөөр нас барах эрсдлийг бууруулна гэж үздэг байв.

 

Гэхдээ нэгэнт өвчилж, онош тогтоогдсоны дараа антиоксидант нэмэлтүүдийг хэрэглэх нь хавдрын эдүүд үүсэхэд огт саад болдоггүйн дээр, өвчин даамжрах явцыг хурдасгах эрсдэлтэй гэнэ. Антиоксидантад тооцогддог бета-каротин нэмэлтүүд нь тамхичдад уушгины хавдар үүсэх, энгийн хүмүүст давсагны хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

 

Харин ийм эрсдэл дагуулдаггүй цорын ганц нэмэлт нь эрдэс селен бөгөөд бие организмд нь эрдэс бодис дутагдсан хүмүүс үүнийг хэрэглэснээр хавдрын өвчлөл үүсэх эрсдлийг бууруулдаг аж. 

 

Төрөлхийн эмгэгийн шалтгаан болж мэднэ

Антиоксидант шинж чанартай А витамин нь ургийн хэвийн өсөлтөд шаардлагатай байдаг. Гэхдээ энэ витаминыг хэтрүүлэн хэрэглэх нь төрөлхийн эмгэг үүсэх шалтгаан болж болзошгүй. Тиймээс л эмэгтэйчүүдийг жирэмсэнх үед нь А витамин их хэмжээгээр уухгүй байхыг зөвлөдөг. Гагцхүү энэ бичил элементийн дутагдал ажиглагдаж буй эмэгтэйчүүдэд л зөвлөдөг юм. 

 

А витамины төрлийн Бета-каротин ч урагт нэн хоргүй. Гэхдээ мөн л хэт ихээр хэрэглэвэл хавдар өвчин үүсэх шалтгаан болдог тул жирэмсэн эмэгтэйчүүд үүнийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. 

 

С витамины ашигтай шинж чанарууд

Антиоксидант нэмэлтүүд уух шаардлагагүй ч С витамин нь ханиад томуу туссан болон тамхи татдаг хүмүүст нэн тустай гэнэ. 

 

Судлаачдын өгүүлснээр, витамин С нь томуунаас урьдчилан сэргийлж чадахгүй, гэхдээ энэ өвчний үргэлжлэх хугацааг бууруулж, зарим шинж тэмдгүүдийг арилгах чадвартай гэнэ. Энэ төрлийн антиоксидантыг хэрэглэх зохистой тун нэг граммаас ч бага байдаг. Ихсэх тусам энэ бичил биетийн шингэх түвшин буурдаг аж. Түүнчлэн С витаминыг хэтрүүлвэл ходоодны үйл ажиллагаа алдагдаж болзошгүй.

 

Тамхи татдаг хүмүүс С витамин хэрэглэх

Тамхины утаанд исэлдүүлэгч гэмтэл үүсгэх олон хорт бодис агуулагддаг тул тамхи татах нь олон төрлийн хавдрын өвчний шалтгаан болж болзошгүй. Тиймээс тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсээс 35 мг-аар илүү С витамин хэрэглэх нь зүйтэй. Мөн дам тамхидалтад өртдөг хүмүүст ч С витамин  шаардлагатай байдаг. 


Антиоксидантын байгалийн эх үүсвэр

Хоол хүнсээрээ дамжуулан антиоксидант шинж чанартай бодисыг авах нь тусгайлан боловсруулсан нэмэлт хэрэглэснээс илүү аюулгүй. Хүнсний бүтээгдэхүүнд өөр өөр бодисуудыг өөр хэмжээгээр агуулсан байдаг тул олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

 

Антиоксидантууд нь өндөг, сүү болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг ч брокколи, бууцай,амтат чинжүү, жүрж, ойн жимс, улаан шош, самар, цай, кофе зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин