Норвеги: Хөл хорио зөрчигчдийг шоронд суулгана
2020-12-08 08:30

Анхлан өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотод илэрч, улмаар дэлхий даяар тархсан шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэлхийн хүн амын хөлийг нь тушаад яг нэг жил болох гэж байна. Агаар дуслын замаар халдварладаг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хумих олон чухал аргуудын нэг нь тусгаарлалт, хөл хорио гэдэг дээр олон улс санал нэгдээд байгаа юм. Тиймдээ ч дэлхийн олон оронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, тусгаарлаж, энэ журмыг мөрдүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Иргэдийн ухамсарт найдаад орхиход хэцүүхэн нөхцөлд торгууль, шийтгэл ч ноогдуулж байгаа юм. 

 

Журам зөрчигсөдтэй хатуухан тэмцэхээр шийдсэн орнуудынтоонд Норвеги нэгджээ. Энэ улсад тусгаарлалтын журам зөрчвөл 24 хоногийн хугацаанд шоронд суулгаж магадгүй гэнэ. Ийм хатуу арга хэмжээ авснаар коронавирусийн халдварын тархалтыг хумиж чадна гэж эрх баригчид нь үзэж байгаа талаар  Le Monde сонин мэдээлжээ. Одоогийн байдлаар 5.4 сая хүн амтай энэ улсад коронавирусийн халдварын тохиолдол 38.3 мянга гаруй бүртгэгдсэнээс 354 хүн нас барсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тусгаарлалтын горимыг 20 гаруй удаа зөрчсөн 20 настай эмэгтэйг 24 хоног шоронд хорих шийдвэрийг Осло хотын шүүх саяхан гаргажээ. Энэ эмэгтэй Их Британид байх найз залууруугаа байнга очиж, буцаж ирэнгүүтээ эмнэлэгт үргэлжлүүлэн ажиллаж, өвчтөнүүдэд үйлчилсээр байсан гэнэ. Мөн шинэ журмын дагуу гадаад орнуудаас ирсэн үед 10 хоног тусгаарлагдах журамтай ч бүсгүй тусгаарлалтын горимыг мөрдөөгүй байна. 

 

Тусгаарлалтын горимыг зөрчөөгүйн төлөө шоронд хоригдох эсвэл тэнсэн харгалзах ял оноосон хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тухайлбал, дөрөвдүгээр сард Норвегид 22 настай эрэгтэйг 18 өдрийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр Шведээс эргэн ирснийхээ дараа өөрийгөө тусгаарлах үеэрээ дөрвөн удаа гэрээсээ гарч, журам зөрчжээ. Мөн өнгөрсөн сард Норвегийн нэгэн санваартан хилийн чанадаас ирснийхээ дараахан бүлгэмийн гишүүдтэйгээ уулзсаныхаа төлөө 1900 еврогийн торгууль төлөх шаардлагатай болсон байна. 

Түүнчлэн Зул сарын баяр ойртож байгаа тул баяр тэмдэглэх, нэгнийдээ зочлох зорилгоор хөл хориог зөрчвөл хариуцлага хүлээнэ гэдгийг Норвегийн эрх баригчид дахин нэгр анхааруулжээ. 

 

Норвегид үйлчилж буй тусгаарлалтын журам 

Норвегийн тусгаарлалтын журмыг бусад орнууд хамгийн хатуу арга хэмжээнүүдийн нэгд тооцдог. Гэхдээ энэ нь Монголтой харьцуулахад хэт "зөөлөн" гэмээр. Норвегид 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Европын холбооны орнуудаас ирсэн гадаадын иргэдийг 10 хоног тусгаарлах журам үйлчилж байгаа юм. Түүнчлэн жуулчид коронавирусийн шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг байх шардлагатай. 

 

Норвегид ирсэн хүн бүрийг тусгаарлалтад зориулсан зочид буудлуудад буулгах бөгөөд энд 10 хоног тусгаарлагдах ёстой. Хувь хүн тусгаарлалтын нэг хоногт 500 крон буюу монгол мөнгөөр 148 мянга орчим төгрөгийн хөлс төлөх бол хуулийн этгээдийн төлөөлөгчид 1500 крон төлөх ёстой аж. 

 

Тусгаарлалтын горим зөрчсөн жуулчдыг Норвеги улсаас албадан гаргахын дээр 20 мянган крон буюу зургаан сая орчим төгрөгийн торгууль ноогдуулдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин