Амьдралын зөв хэв маяг арьсны өвчин төдийгүй бусад өвчлөлөөс сэргийлнэ
2020-12-08

                

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн  насанд хүрэгчдийн арьсны эмгэг судлалын 1-р тасгийн сувилагч Б.Жавхланттай ярилцлаа.

 

-Залуусийн дунд арьсны өвчлөл их байдаг. Үүнээс ямар төрлийн өвчлөл нь илүү зонхилж байгаа вэ?

 

-Залуусын дунд миний ажигласнаар батга маш элбэг тохиолдож байгаа. Батгашил өвчний үед  арьсны нарийн мэргэжлийн эмчид заавал хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч эмчилгээг тань  зааж бусад зөвлөгөө өгөх болно. Залуучууд өөрсдөө дур мэдэн янз бүрийн түрхлэг түрхэхгүй байх нь зөв шүү.

 

-Арьсны өвчтэй хүмүүсийн эдгэрэлтэд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь эмийн эмчилгээнээс гадна  сэтгэлзүй, орчин хооллолт байдаг. Хооллолтын тухайд ямар ямар хоол хүнс хориотой байдаг вэ?

 

-Арьсны өвчний үед хориглох хоол хүнсэнд лаазалсан бүтээгдэхүүн, өндөг, өндөг агуулсан бүтээгдэхүүн, хиам, хийжүүлсэн ундаа, даршилсан ногоо, тослог ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, чихэр шоколад, архи согтууруулах ундаа, тамхи зэрэг бүтээгдэхүүн орно. Ер нь хооллолтын тухайд болгосон болон болгоогүй хүнсийг тус тусад нь байлгах нь зүйтэй.  Түүхий мах загас, тахиа, шувууны мах, тэдгээрийн шүүсэнд агуулагдах бичил биетнүүд нь хүнс бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож бохирдуулдаг.

 

Мөн хоол хүнсийг гүйцэд чанах нь чухал. Хоол хүнсийг 70-аас багагүй хэмд чанаж хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг. Хугацаа дуусан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

-Аливаа арьсны өвчин бүрэн эдгэрдэг үү? Сэдрэх шалтгаан нь юу байна?

 

-Арьсны өвчин эдгэрэх үгүй нь тухайн өвчнөөсөө шалтгаалдаг. Зарим өвчин бүрэн эдгэрдэг байхад зарим нь бүрэн эдгэрэхгүй. Өөрөөр хэлбэл архаг хэлбэрт шилжиж ахин дахин сэдэрдэг гэсэн үг юм. Олон янзын шалтгаанаас дахин сэдэрч болно. Тухайлбал, нойр дутуу явах,  ядрах, стресс, ханиад хүрч хоолой өвдөх, халуурах мөн тухайн хүний хэрэглэж буй угаалгын нунтаг, саван, өмсөж буй хувцас гэх мэт их олон зүйлүүдээс өвчин сэдэрч дахиж болно. Өвчний сэдрэлтээс сэргийлэхийн тулд тухайн хүн эмчийн заавар зөвлөгөөг сайн даган мөрдөх хэрэгтэй байдаг.

 

-Арьс харшлын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Амьдралын зөв хэв маяг арьсны өвчин төдийгүй бусад өвчлөлөөс ч сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл сайн унтаж амрах, эрүүл зөв хооллох, ажил амралтаа зохицуулах, тайван байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл агаарт гардаг байх зэрэг нь чухал юм.

 

-Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн сувилагчийн онцлог юу вэ?

 

-Сувилагч хүний мэдлэг, ур чадвар их  чухал. Гэхдээ үүнээс гадна харилцаа хандлага сайтай байх нь хамгийн чухал юм. Манай мэргэжлийн онцлог нь хэсэг газрын эмчилгээ буюу гардан эмчилгээ, сувилгаа хийдгээрээ ялгаатай. Арьсны өвчтэй  хүмүүсийн эдгэрэлтэд нөлөөлөх хамгийн чухал зүйл эмийн эмчилгээнээс гадна сэтгэлзүй, орчин, хооллолт, хувцаслалт байдаг.

 

Орчин үед сувилахуй гэдэг нь биеэ даасан шинжлэх ухаан болсон. Сувилагч өвчтөний зовуурь дээр үндэслэн сувилахуйн  онош тавьж хүн нэг бүрд асаргаа сувилгаа үзүүлдэг. Мөн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийдэг учраас эмчийн баруун гар ч гэж хэлдэг.  Ингэж бид нэг баг болж ажиллаж, маш сайн хамтрагчид байдаг гэж хэлмээр байна.

 

-Та анх мэргэжлээ хэрхэн сонгож байв? Яагаад сувилагч гэж?

 

-Би бага байхдаа багш болно гэж мөрөөддөг байлаа. Ахлах ангид орж элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байхдаа эмээтэйгээ ярилцсан. Эмээ минь “Гэр бүлд анагаахын чиглэлийн хүн байвал зүгээр юм” гэж хэлсэн. Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийг 2011 онд төгссөн.  Эмээгийнхээ энэ санааг дэмжиж сувилахуйн сургуульд элсэн орж суралцсан. Гэхдээ багаасаа багш болно гэж бодож байснаа гэнэт сувилахуйн сургуульд суралцсан болохоор сэтгэл дундуур байсан. Ингээд суралцаж байх хугацаандаа мэргэжилдээ дуртай болж эхэлсэн. Илүү хичээнгүйлэн суралцаж, сайн сувилагч болохыг хүссэн. Ингээд сургуулиа төгслөө. Мэргэжлээрээ ажиллаж эхлэхэд маш олон шантрах үе гарсан. Гэхдээ хичээнгүйлэн ажиллаж ажлаа сураад ирэхээр мэргэжлийнхээ сайхан зүйлсийг нь олж хараад ажилладаг юм билээ. Одоо бол мэргэжлээрээ бахархаж, хайрладаг болсон.  

 

-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

 

-“Баярлалаа” гэдэг үгийг сонсох нь хамгийн сайхан байдаг. “Миний охин зөөлөн гартай, өвдсөнгүй шүү, зөвлөгөө өгсөнд талархлаа” гэж хэлдэгт нь өдөр бүр урамшиж ажилладаг. Энэ л сувилагч бидэнд өгөх хамгийн сайхан бэлэг юм гэж боддог.

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин