Байгал нуурын орчимд хүчтэй газар хөдлөлт болжээ
2020-12-10

Байгал нуурд өглөөний 05:45 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Буриадын Кабанск аймагт байсан гэж ТАСС агентлаг  мэдээллээ. Газар хөдлөлт Эрхүү мужид мэдрэгджээ.

 

"Өнөөдөр өглөө 05:45 цагт Эрхүү мужийн нутаг дэвсгэр дээр газар хөдлөлт бүртгэгдсэн. Газар хөдлөлтийн хүч голомтдоо 7.6 балл, Эрхүүд 5.6 балл байсан. Магнитуд нь 5.5, эрчим хүчний ангилал 14.0" гэж Эрхүүгийн Онцгой байдлын газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр Эрхүүгийн оршин суугчид 5-6 баллын чичиргээ мэдэрсэн бөгөөд энэ мужид газар хөдлөлтийн улмаас эвдэрч сүйрсэн, хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй гэнэ.

 

"Эвдэрч сүйрсэн болон хүн хохирсон талаарх мэдээлэл ирээгүй. Одоогоор Онцгой байдлын газар Буриадтай зэргэлдээ оршдог Эрхүү мужийн бусад нутгуудаас мэдээлэл цуглуулж байна" хэмээн Эрхүүгийн онцгой байдлын газар мэдэгджээ.

 

Энэ нь тус бүс нутагт 2020 онд гарсан хоёр дахь хүчтэй газар хөдлөлт юм . Өмнө нь есдүгээр сарын 22-нд шилжих шөнө 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байв. Энэ удаагийн газар хөдлөлтийн чичиргээ нь Эрхүү муж, Буриад улс, Монгол гэсэн гурван газарт мэдрэгдсэн гэж газар хөдлөлт судлаач мэргэжилтнүүд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин