"Эг"-ийн голын мөс цөмөрч автомашинтай зорчиж явсан хоёр иргэн амиа алджээ
2020-12-15 08:49

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/  “Королла” загварын суудлын автомашин “Эг”-ийн голын мөсөнд цөмөрчээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу 2020.12.14-ний өдрийн 12:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан. байна.

 

Автомашинд тус сумын харьяат иргэн С /30 настай, эрэгтай/, иргэн Э /37 настай, эрэгтэй/ нар зорчиж яваад амиа алдсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн. Мөн мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байна.

 

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин