Цар тахал: Британид хөл хориог чангатгаж, Парист хориог эсэргүүцэж байна
2020-12-15

Дэлхий даяар коронавирусийн цар тахал намжилгүй, халдварын тохиолдлууд улам нэмэгдсээр байна. Улмаар улс орнууд хөл хорио, хязгаарлалтыг өвчний дэгдэлтийг хумих арга гэж үзэж байгаа тул хөл хориог чангатгасаар байгаа юм. Нидерландад нэгдүгээр сарын 19-нийг хүртэл хөл хорио тогтоосон бол Их Британи хязгаарлалтаа чангатгаж, харин Германи түүхэн дэх хамгийн хатуу хөл хориог тогтоов.

 

Британид лхагва гарагийн шөнө дундаас эхлэн хатуу хязгаалалтууд үйлчилж эхэлнэ. Кафе болон зоогийн газрууд зөвхөн хүргэлтээр үйлчлэх бол спортын тэмцээнүүд үзэгчгүй зохион байгуулагдаж, театр, кино хаагдан, нэг дор зургаагаас дээш хүн цугларахыг хориглох юм.

 

Ийнхүү хатуу арга хэмжээ авах болсон нь өвчлөлийн тоо эрс өссөнтэй холбоотой. Лондон хот халдвар тархалтын хурдаараа улсдаа нэгдүгээрт орж байна. 

 

Ийм нөхцөлд үндэсний хэмжээний хөл хориог хэцүүхэн давсан бизнесийг шинэ хөл хорио сүйрэл рүү хөтөлнө гэж Лондон хотын дарга Садик Хан мэдэгдсэн юм. "Засгийн газар ийм хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлвэл бизнес бүрэн дампуурна гэдгийг ойлгох ёстой. Үүнээс өмнө, гуравдугаар сараас эхлээд л бизнес олон хүндрэлийг давсан. Жишээ нь коронавирустэй хүнтэй харьцсан бол хоёр долоо хоног тусгаарлагдах журам байна. Энэ хугацаанд эдгээр хүмүүст хэн ч мөнгө өгөхгүй гэдгийг эрх баригчид ойлгох ёстой. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй" хэмээн хотын дарга мэдэгдсэн байна. 

 

Түгшүүр зарлах өөр нэг ноцтой шалтгаан Британид бий. Учир нь энд өмнөхөөс хурдацтай тархдаг коронавирусийн өөр нэг төрлийг илрүүлсэн юм. Чухамхүү энэ төрлөөс үүдэн Английн өмнөд хэсэгт өвчилсөн хүний тоо эрс өссөн гэж үзэж байгаа аж. Одоогоор энэ мутаци тус улсын 60 бүс нутагт илэрсэн ч хурдацтай тархаж байгаа гэнэ. Энэ мутаци өвчнийг хүндрүүлдэг, эсвэл вакцинд тэсвэртэй гэх зэрэг нотолгоо байхгүй ч болгоомжтой байх ёстой гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

 

Ийнхүү Британид хязгаарлалтуудыг чангатгаж байгаа бол АНУ-д өргөн цар хүрээтэй вакцинжуулалт эхэллээ. Хамгийн анхны тарилга хийлгүүлсэн хүн нь Нью-Йоркийн эмнэлгийн сувилагч, өнгөт арьст эмэгтэй болжээ. Энэ эмэгтэйг сонгох болсон нь учиртай, АНУ-д өнгөт арьстнууд илүүтэйгээр вакцинд үл итгэж байгаа тул ийм сонголт хийжээ. "Миний бие маш сайн байна. Вакцин аюулгүй гэдгийг олны өмнө харуулж чадаж байгаадаа баяртай байна" хэмээн сувилагч Сандра Линдсей өгүүлжээ. 

 

Харин Парист хөл хориог зогсоохыг шаардан эсэргүүцэж байна. Францын нийслэлд зоогийн газар болон зочид буудлын бизнесийн ажилтнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд шаардлагуудаа авсан дээр бичсэн байна. Энэ нь бизнес булшлагдлаа гэсэн санаа бөгөөд учир нь 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийтийн хоол, зочид буудлууд хаагдаж, энэ хугацаанд олон мянган хүн ажилгүй болон, олон зуун газар дампуурчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин