Путин Байденд баяр хүргэжээ
2020-12-15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай нь холбогдуулан Жозеф Байденд баяр хүргэжээ. Кремлийн албан ёсны цахим хуудасны мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Байденд цахилгаан утас илгээсэн байна. 

 

Владимир Путин сонгуульд ялалт байгуулсан Байденд амжилт хүсээд, дэлхийн аюулгүй байдал болон тогтвортой байдлын төлөө онцгой хариуцлага хүлээдэг АНУ, ОХУ санал зөрүүтэй асуудлууд байгаа ч дэлхий дахины өмнө тулгарсан олон асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Түүнчлэн тэгш эрх, харилцан хүндлэл дээр суурилсан Москва, Вашингтоны хамтын ажиллагаа олон улсын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн "Би өөрийн зүгээс тантай хамтран ажиллаж, харилцахад бэлэн байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцолжээ.

 

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болж эцсийн дүн 12 дугаар сарын 14-нд сонгогчийн коллегийн саналыг тоолсноор гарсан юм. Эцсийн дүнгээр Жозеф Байден Трампыг ялж, дараагийн ерөнхийлөгчөөр тодорсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин