Карабахын дайн: Армени, Азербайжан олзлогдогсдоо солилцов
2020-12-16


Оросын зуучлалтайгаар Армени,  Азербайжан олзлогдосдоо солилцсон бол Азербайжанд дөрвөн цэргийн алба хаагч цэргийн гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдав. Карабахын дайны төгсгөлийн дараах үйл явдлуудын талаар багцлан хүргэж байна. 

 

Олзлогдогсдыг солилцов 

Карабахын дайн 11 дүгээр сарын есний өдөр дууссан ч даваа гарагт л олзлогдогсдоо солилцжээ. Солилцоо Олон улсын Улаан загалмайн хорооны зуучлалтайгаар явагдсан бөгөөд үүнд Орос улс ч чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ВВС агентлаг дамжуулсан байна.

Олзлогдогсдын солилцоо "бүгдийг бүгдээр" хэлбэрээр буюу Азербайжанд байгаа бүх армени, мөн арменичүүдийн олзолсон бүх азербайжанчуудыг саатуулагдсан цаг, нөхцлөөс үл хамааран бүгдийг суллах нөхцөлтэй байв. 

Ингээд Армени рүү нийтдээ 44 цэргийн алба хаагч болон энгийн иргэн, харин Азербайжан руу 12 хүн буцжээ. Тэдний дунд 2014 онд Арменийн хүчин олзолж, Уулын Карабахын шүүхээс аллагад буруутгагдсан Шахбаз Гулиев болон Дильгам Аскеров нар багтсан байна. Тэднийг Азербайжан олзлогдсон гэж үзсэн тул ийнхүү суллажээ.

Гал зогсоох горим зөрчигдсөн нь буюу маргаантай тосгод 

Бямба гарагт Азербайжаны зэвсэгт хүчин Хцаберд болон Хин Тахер  тосгод руу дайрсан талаар Армений тал мэдэгдэж байлаа. Харин Азербайжан үүнийг "дайчид"-ын эсрэг алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа хэмээн нэрлэсэн бөгөөд тэд Армений хүчний дайчдыг ийнхүү нэрлэдэг юм. 

 

Өнгөрсөн сарын есний өдөр гал зогсоосны дараа Азербайжаны бүслэлтэд Армений дайчид дээрх хоёр тосгоныг хяналтдаа аван үлдсэн байсан. Улмаар сөргөлдөөний бүсэд Оросын энхийг сахиулагчид ирснээр мөргөлдөөнийг зогсоосон ч хоёр тосгоны хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдсэн юм. Ням гарагт энхийг сахиулах хүчний карт дээр энэ бүс нутгийг энхийг сахиулагчдын хяналтад шилжсэн гэж тэмдэглэсэн байсан ч даваа гарагт л энэ тэмдэглэгээ алга болжээ. 

 

Азербайжанд цэргийн алба хаагчид баривчлагдав 

Даваа гарагт Азербайжанд дөрвөн цэргийн алба хаагч цэргийн гэмт хэргийн тухай эрүүгийн хэрэг үүсгэсний хүрээнд баривчлагджээ. Тэднийг цогцос, булштай зохисгүй харилцсан хэргээр Азербайжаны цэргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Тодруулбал, дэд ахлагч Рашад Алиев, Гардашхан Абишев нар Зангеланы нутаг дэвсгэр дээр амь үрэгдсэн Арменийн цэргүүдийн цогцостой зүй бус харьцсан хэргээр, Арзу Гусейнов, Умид Агаев гэсэн хоёр цэрэг Хожавендын дүүрэгт Арменийн цэргүүдийн булшийг сүйтгэсэн хэрэгт буруутгаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин