Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 35 тусгаарлах байранд 1169 иргэн байна
2020-12-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлах байранд 1169 иргэн байна. Үүнээс нийслэлд 17 тусгаарлах байр бий. Тус байранд 977 иргэн байгаа. Орон нутагт 18 тусгаарлах байранд 192 иргэн байна.

 

Сүүлийн 24 цагийн байдлаар 26 иргэн нэмж тусгаарлагдсан бол 34 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Тусгаарлах 35 байранд онцгой байдлын байгууллагаас 48 албан хаагч, цагдаагийн байгууллагаас 87 албан хаагч, эрүүл мэндийн байгууллагаас 96 ажилтан нийт 231 төрийн албан хаагч ажиллаж байгаа.

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас өнөөдрийг хүрэх хугацаанд шуурхай штаб,  ХӨСҮТ-ийн албан тоотыг үндэслэн гэрийн ажиглалтад иргэдийг шилжүүлдэг. Энэ хугацаанд нийт 3436 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 228 иргэн байгаа. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаад хэвийн үйл ажиллагаанд шилжсэн 10148 иргэн бий.

 

ХӨСҮТ-ийн албан тоотын үндэслэн тусгаарлагдсан ХӨСҮТ-ийн 14 ажилтныг гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

 

Өнөөдрөөс эхлэн татан авалтыг зохион байгуулж явуулна. Татан авалттай холбоотой тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангах ажлыг хамтран зохион байгуулж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд шуурхай штабаас ашиглаж байсан тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалт дүн шинжилгээ хийгээд зөвлөмжийг ирүүлсэн.  Уг зөвлөмж дээр тулгуурлан бэлэн байдлыг хангасан. Мөн Шадар сайд багаад УОК-ын дарга зарим тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаатай танилцаж чиглэл ирүүлсэн. Эдгээр чиглэлтэй холбоотой бэлтгэл бэлэн байдлыг хангаад татан авалт эхэлж байна. Энэ сард дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ. Уг нислэгүүдээр 700 гаруй иргэн ирнэ. 14 хоногийн хугацаатай тусгаарлах ажлыг зохион байгуулна.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Зэрэг буурлаа гэж хүмүүсийн хариуцлага сулрах асуудал байхгүй. Өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дотоодод халдвар тархбал хариуцлагын Ууганбаяар гэгч нөхөр хариуцна гээд ТВ -ээр орилоод байсан юу болсон бэ.Ийм төрийн албаны сүржин этгээдүүд олоноороо байвал аюултай шүү.
2020-12-16