Вакцины тусламжтайгаар цар тахлыг ялж чадахгүй
2020-12-16

Ирэх онд коронавирусийн цар тахлыг вакцины тусламжтайгаар ялж чадна гэсэн таамаглалыг Австралийн эрүүл мэнд, анагаах ухааны академи няцаажээ. Бүх нийтийг вакцинжуулахад ихээхэн цаг орно, тиймээс коронавирусийн халдварыг тогтоон барих бусад арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тус академи үзэж байгаа аж. 

 

Австралийн эрүүл мэнд, анагаах ухааны академид 400 гаруй тэргүүлэгч судлаачид багтдаг бөгөөд тэд халдварын дэгдэлтэд цаашид хэрхэн хариу арга хэмжээ авах талаарх тайлан бэлджээ. Хэдийгээр вакцин 90 хувийн үр дүн үзүүлсэн ч вакцины үйлдвэрлэлт, тээвэрлэлт, ашиглалт нь ихээхэн хүч, зардал шаардахын дээр ирэх оны сүүлээр л хүн амын ихэнх хэсгийг вакцинд хамруулах боломжтой гэж судлаачид үзсэн байна. 

 

Тиймээс коронавирустэй тэмцэхийн тулд цогц арга хэмжээ мөрдөх шаардлагатай гэж эрдэмтэд үзжээ. Эдгээрийн тоонд хүн амыг олноор нь тестэд хамруулах, өөрийгөө тусгаарлах, хөл хорио, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх болон эмчилгээ, зөв зохион байгуулсан вакцинжуулалт хамаарна гэж эрдэмтэд онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин