Цар тахал: ДЭМБ-ын анхааруулга ба "карантин"-ы түүх
2020-12-17

Европт шинэ жилийн баярын өдрүүдэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол он гарсны даарахан коронавирусийн халдварын шинэ дэгдэлт гарах өндөр эрсдэлтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгджээ.

 

"Хэдийгээр багахан амжилтад хүрсэн ч коронавирус урьдын адил Европ тивээр эрчимтэй тархсаар байна. 2021 оны эхний долоо хоногууд болон саруудад өвчлөл дахин дэгдэх өндөр эрсдэлтэй" гэж ДЭМБ мэдэгджээ.

 

Тиймээс Зул сарын баяр болон шинэ оныг тэмдэглэхдээ онцгой анхааралтай байхыг уриалсан байна. Аль болох гадаа уулзаж, хоорондын зай барин, амны хаалт зүүхийг уриалжээ. Харин гэрт тэмдэглэх бол зочдын тоог хязгаарлан, халдвар авах эрсдлийг бууруулахын тулд сайтар агаар салхи оруулахыг зөвлөсөн байна. 

 

"Найз нөхөд болон гэр бүлийнхнийхээ хүрээнд амны хаалттай суух нь танд эвгүй байж болох ч хүн бүр эрүүл, аюулгүй байхын тулд энэ нь маш чухал" хэмээн ДЭМБ онцолсон байна. 

 

Шинэ жилийн баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор хүмүүс олноор цуглан халдвар тархах өндөр эрсдэлтэй тул олон орон хөл хориог чангатгаж байгаа юм. Тухайлбал, лхагва гарагт Герман улс түүхэндээ хамгийн хатуу хөл хориог тогтоосон, мөн Европын бусад орнуудад ч хязгаарлалтын арга хэмжээнүүд үйлчилсэн хэвээр байна. 

 

Хөл хорио буюу "карантин"-ы түүх 

 

Хөл хорио өвчний дэгдэлттэй тэмцэхийн тулд олон зууны туршид хүн төрөлхтөн хэрэглэж буй арга юм. Хөл хорио буюу "карантин" нь тусгаарлалтын аргыг анх ашигласан тохиолдлоос улбаатай. 

 

Тодруулбал, XIV зуунд Европт тахал нүүрлэх үед Венец хотод нэгэн журам гаргажээ. Энэ журмын дагуу Венец хотод ирсэн хөлөг онгоцууд экипаж болон зорчигчдоо эрэг дээр буулгахаас өмнө зангуугаа хаян 40 хоног зогсох ёстой байж. Италиар дөчийг "quarantino" гэх бөгөөд үүнээс тусгаарлалтын аргыг нэрлэх "карантин" гэх үг үүсчээ.Чухамхүү дөч хоногийг сонгосны учир тодорхойгүй. Иисүс цөлд өнгөрүүлсэн 40 өдрийн тухай Шинэ гэрээслэлд гардагтай холбоотой ч байж мэднэ гэж судлаачид үздэг.

 

Тэр үеэс хойш карантины хугацаа аажмаар багассан ч аливаа өвчлөлийн тархалыг хязгаарлахад энэхүү арга урьдын адил гол үүрэг гүйцэтгэдэг болжээ. Британид гэхэд тарваган тахлын улмаас Им тосгонд хөл хорио тогтоож байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1665 оны есдүгээр сараас 12 дугаар сарын хооронд энэ тосгоны 42 хүн тарваган тахлаар нас баржээ. 1966 оны зургадугаар сард шинээр томилогдсон санваартан Уильям Момпессон тосгонд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. 

 

Тэрбээр мөргөлчдөд хандан тосгон хаагдсан, гарж ч орж ч болохгүй хэмээн зарлажээ. Девонширийн гүнтэн оршин суугчид хөл хориог зөвшөөрвөл хүнс, эд зүйл илгээхийг санал болгосон байна. Наймдугаар сард нас баралт оргилдоо хүрэн, өдөрт л 5-6 хүн нас барж байсан ч хөл хориог мөрдсөөр байж. Яваандаа нас баралт буурч, 11 дүгээр сар гэхэд тахал дуусчээ. Ийнхүү хөл хорио үр дүнгээ өгсөн байна. 

 

1900 онд зочид буудалд Хятадаас ирсэн нэгэн эр зочид буудалд нас барсан байсныг олж, үхлийн шалтгаан нь тарваган тахал байсан нь тогтоогдсоны дараа Сан-Франциско хотод Хятадын цагаачдыг хөл хорионд оруулж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин