Германд энэ сард вакцинжуулалт эхэлнэ

Германы хүн амыг шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалт 12 дугаар сарын 27-нд эхэлнэ гэж ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Эрүүл мэндийн сайд Холбооны мужуудын эрүүл мэндийн сайд нартай уулзах үеэрээ дээрх төлөвлөгөөний талаар мэдэгдсэн байна. Вакцинжуулалтад нэн тэргүүнд Германы ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах байрны ажилтнууд болон тэдгээрт амьдардаг хүмүүс хамрагдах аж.
Энд дуулгахад, Германд коронавирусийн халдварын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж, улмаар өчигдөр буюу 12 дугаар сарын 16-наас эхлэн тус улс түүхэн дэх хамгийн чанга хөл хориог тогтоосон юм. Өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй гэж үзсэн учир ийнхүү чангатгасан бөгөөд хөл хорио нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд Германд зөвхөн хүнсний болон жижиг гэр ахуйн барааны дэлгүүрүүд, эмийн сан, зээлийн байгууллагууд, шуудан, эмнэлэг, сонингийн мухлагууд л ажиллах юм байна.
Пүрэв гарагийн байдлаар ХБНГУ-д халдварын нийт тохиолдол 1.39 саяыг давж, нас барсан хүний тоо 23.5 мянга гаруй болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ