ВИДЕО: Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа
2020-12-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

 

-УОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгүүдийг сэргээж үйлдэж байгаа. Өнөөдөр Франкфуртын онгоцоор 160 иргэн ирж байгаа. Энэ сард үйлдэгдэх Токио чиглэлийн нислэг хэвийн үйлдэгдэнэ. Харин дотоодод үүсээд байгаа нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотойгоор энэ сарын 25-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэх байсан нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага гарсныг мэдэгдэж байна. Уг нислэгийг 2021 оны 1 дүгээр сард нөхцөл байдалтай уялдуулаад үйлдэнэ. Нислэгийн товыг тухайн үед нь зарлана. Уг нислэгээр ирэхээр баталгаажуулаад байсан иргэд дараагийн  нислэгээр ирэх боломжтой. 

 

Дотоодын халдвартай холбоотой болон БНХАУ-ын Өвөр Монголд халдвар шинээр гарсантай холбоотой хоёр улсын хооронд ачаа тээврийн нэвтрэх урсгал удааширсан. Энэ асуудлын талаар яриа хэлэлцээр хийж ажиллаж байгаа. Энэ цагт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал  Эрээн хотод томилолтоор ажиллаж байна. Гадаад харилцааны яамны  төрийн нарийн бичгийн дарга хил залгаа аймгуудад томилолтоор ажиллаж байгаа. Замын-Үүд, Эрээн боомтод ачаа тээврийн урсгалыг хэвийн горимд шилжүүлэх, өвлийн улиралд өдөртөө 200 хүртэл ачаа тээвэр гардаг байсан. Өнөөдрийн байдлаар энэ  тоо огцом буурч 20-30 хооронд байгаа. БНХАУ-ын талтай  50 жолоочийг тээвэр хийхээр тохиролцсон. Үүнээс 18 жолооч Эрээн хотод байсан бол нэмж 32 жолоочийг хилээр нэвтрүүлсэн.

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин