Цэвэрлэгээний бодис орчны бохирдол үүсгэдэг гэвэл та итгэх үү?
2020-12-19

Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороотой хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд иргэн та бүхэнд зөвлөж байна.

 

Дэлхийн нийт өвчлөлийн 2.7 хувь нь гэр доторх агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгаа бий. Яагаад? .. Учир нь хүн амьдралынхаа 70-90 хувийг дотоод орчин болох гэр, ажлын байрандаа өнгөрүүлдэг. Гэтэл бидний ихэнх нь агаар орчны бохирдол гэхээр гадаах агаарыг төсөөлдөг. Гэвч хүүхдийг тань өвчлүүлдэг, харшилтай болгодог гол хүчин зүйл бол дотоод орчны бохирдол юм.

 

Тухайлбал гэрийн аль нэг гишүүн тамхи татдаг бол хүүхэд нь уушгины өвчин, хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалгаар өвчлөх нь элбэг байдаг. Тамхины утаан дахь бохир нэгдлүүд орчны бохирдол үүсгэж хүүхдэд нөлөөлж байна гэсэн үг.

 

 

 

Яг үүнтэй ижил аль болох тоос тоосонцоргүй, гялалзсан толь шиг амьдрах гээд та химийн өндөр найрлага бүхий цэвэрлэгээний бодис байнга хэрэглэдэг юм биш биз? Тэгвэл цэвэрлэгээний бодис доторх химийн элментүүд нь агаар орчинд тархаж, хүний амьсгалын эрхтнүүдийг гэмтээж, цаашлаад хорт хавдар тусах магадлалыг өсгөдөг байна.

 

Цочроогч бодис буюу цэвэрлэгч, угаагч бодис нь нүд, арьсанд хүрсэн үед цочроон загатнаа үүсгэх, үрэвсүүлэх аюултай. Үүнээс гадна ашиглаж байх үедээ өрөө, тасалгааны цонхыг нээн сайтар агааржуулахгүй бол ууршил нь ханиалга өдөөх, амьсгалын дээд замыг үрэвсүүлж болзошгүй гэж эмч нар анхааруулдаг.

 

Мөн үнэртүүлэгч лаа, нойлын өрөөний үнэр дарагч, сүрчиг гэх мэт агаар орчинд нөлөөлж болох бүхий л зүйлс орчны бохирдлыг үүсгэж байдаг.

 

Хэрхэн сэргийлэх вэ?

 

Нов ногоон өнгийн ургамал өөрөөсөө байнга хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг цэвэршүүлж байдаг ид шидтэй. Навчит ургамал дотор агаарыг 100 хувь чийгшүүлж агаар дээрх бохирдлыг амьсгалаар дамжин биед нэвчихээс өмнө доош буулгаж байдаг адтай ургамал бол тасалгааны төрөл бүрийн цэцгүүд модлог ургамал юм.

Shuud.mn
Сонин хачин