Цар тахал: Украин хязгаарлалтуудаа чангатгав
2020-12-19

Украинд коронавирусийн цар тахлын улмаас нэмэлт хөл хорионы хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлэхээр болжээ. Тус улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний бямба гарагаас эхлэн боловсролын байгууллагууд дээр олон нийтийн арга хэмжээ ,  нийтийн хоолны газар болон зугаа цэнгээний төвүүдэд баярын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. 

 

Сайд нарын танхимын тогтоосноор музей болон үзэсгэлэнгийн танхимд зочлохдоо нэг хүнд 10 кв.м талбайгаас их зай талбай ноогдох ёстой гэнэ. Мөн нийтийн хоолны газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж, 23.00 цагаас хойш ажиллахыг хориглосон байна. Харин шинэ жилийн шөнө зоогийн газар болон кафег нэгдүгээр сарын нэгний 01.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрчээ. 

 

Өмнө нь нэвтрүүлсэн хязгаарлалтууд ч мөн үргэлжилж байгаа юм Украинд аюулын түвшнээс хамааран "ногоон", "шар", "улбар шар", "улаан" гэсэн бүсчлэл тогтоожээ. Түүнчлэн тус улс даяар амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж байгаа бөгөөд энэ журмыг зөрчвөл торгууль хүлээх аж.

 

Украинд гуравдугаар сарын гуравны өдөр коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байлаа. Улмаар гуравдугаар сарын 17-ны өдрөөс хөл хорио тогтоосон бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл Украинд онц байдлын горим, бүх нийтийн хөл хорио үйлчлэх аж.

 

Бямба гарагийн байдлаар Украинд халдварын нийт тохиолдол 958 мянга давснаас 569 мянга гаруй хүн эдгэрчээ. Харин өвчний хүндрэлийн улмаас 16 579  хүн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин