Коронавирусийн мутаци ба түүнийг дагасан хязгаарлалтууд
2020-12-21

Коронавирусийн шинэ мутацийг илрүүлсэн анхны орон нь Их Британи болсон юм. ДЭМБ-ын мээдэлснээр, вирусийн шинэ хувилбарийг Британид есдүгээр сард илрүүлжээ. 

 

Коронавирусийн шинэ хувилбарын тухай

  • Есдүгээр сард Британид коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв. 
  • ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн мутаци Дани, Нидерланд, Австралид тархсан байна. Түүнчлэн ӨАБНУ болон Италийн эрх баригчид энэ шинэ төрлийн штамм улс орных нь нутаг дэвсгэр дээр илэрсэн тухай мэдээлжээ.
  • Вирусийн шинэ хувилбар Британид үүссэн эсвэл энэ улс руу зөөвөрлөгдсөн эсэх талаарх мэдээлэл одоогоор байхгүй. Түүнчлэн шинэ мутацийн эсрэг вакцин үйлчлэхгүй гэдгийг батлах мэдээлэл ч байхгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ. 
  • ДЭМБ-ын тусгай элч Дэвид Набаррогийн онцолсноор коронавирусийн мутаци нь хүнд илүү аюул учруулахгүй, гэхдээ халдварлах чадвар нь өмнөхөөс илүү байх боломжтой гэнэ.

Их Британи дахь нөхцөл байдал

Их Британид коронавирусийн халдварын тоо эрс өссөн нь өмнөх хувилбараасаа халдварлах чадвар нь 70 хувиар их байж болзошгүй коронавирусийн мутацитай холбоотой гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн юм. Гэхдээ амь насанд илүү аюултай гэдгийг батлах нотолгоо байхгүй гэдгийг онцолжээ. 

 

Коронавирусийн мутацид орсон хувилбар есдүгээр сард Их Британид илэрсэн ч 11 дүгээр сарын дунд үеэс эрчимтэй тархсан байна. Улмаар нөхцөл байдал хүндэрсэн тул Лондон болон Английн зүүн өмнөд нутагт 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн халдвар тархах аюулын хамгийн дээд түвшин болох дөрөвдүгээр түвшнийг зарлалж, улмаар нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүс бусад бүх дэлгүүр, үсчин, спорт танхим хаагдсан байна. Үүнээс өмнө зоогийн газар, уушийн газар болон кафе хаагдсан байсан юм.

 

Дэлхий дахинд

Ийнхүү Британид халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас Нидерланд Британитай харилцах зорчигч тээврийн агаарын харилцааг нэгдүгээр сарын нэгэн хүртэл хоригложээ. Францын эрх баригчид 48 цагийн хугацаанд Их Британиас нислэг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн Израиль улс Их Британи, Дани, ӨАБНУ гэсэн орнуудаас нислэг хүлээн авахаа зогсоожээ.

 

Герман, Эстони,  Литва, Болгар улс 12 дугаар сарын 31 хүртэл, Итали улс нэгдүгээр сарын зургааныг хүртэл Британитай харилцах агаарын харилцаагаа зогсоосон байна. Мөн Австри улс ч тодорхойгүй хугацаагаар Их Британиас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Чех улс Их Британиас ирж буй хүн бүрийг зайлшгүй тусгаарлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргаж байсан бол өнөөдөр буюу 12 дугаар сарын 21-ний даваа гарагаас эхлэн Их Британиас нислэг хүлээж авахгүй байхаар шийджээ. Харин Кипр улс Их Британиас ирэх зорчигчдыг хоёр долоо хоног тусгаарлах журам гаргасан байна. 

 

Латви улс 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Их Британитай харилцах агаарын харилцаагаа түр зогсоох бол Туркийн эрх баригчид Британи, Дани, Нидерланд, ӨАБНУ-аас нислэг хүлээн авахаа түр зогсоохоор мэдэгджээ. Саудын Араб олон улсын нислэгийг бүгдийг хориглосны дээр газар болон усан хилээр нэвтрэхийг түр хугацаагаар хоригложээ. Энэ хориг долоо хоног үйлчлэх бөгөөд цаашлаад сунгаж болзошгүй гэнэ. Харин Швейцарын эрх баригчид Их Британи болон ӨАБНУ-тай харилцах агаарын харилцаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин