Б.Ууганбаяр: Нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 1804 иргэнийг тусгаарлан ажиглаж байна
2020-12-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: 
 

-Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564 иргэн бий. Орон нутагт 16 тусгаарлах байранд 153 иргэн байгаа. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 1717 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд ажиллах эмч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж бэлтгэл ханган ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэл хангуулахаар Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Мөн Шадар сайдын тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх түр журмыг батлан гаргасан. 

 

Энэ сард Франкфурт болон Япон улсаас тусгай үүргийн нислэгээр дөрвөн удаагийн татан авалтыг зохион байгуулсан. Уг тусгай үүргийн нислэгээр 507 иргэнийг авч ирж тусгаарласан. ХӨСҮТ-өөс эдгэрч гарч байгаа иргэдийг Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт ажиглалт тандалтад байдаг. Эдгээр хүмүүс нь хугацаа нь болохоор гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүсийг гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Нэгдсэн зохион байгуулалттай хүргэж байгаа учир тээврийн зардал иргэнээс гарч байгаа. Гэсэн  хэдий ч шуурхай штабаас хөнгөлөлттэй байх асуудал дээр анхаарч байна. Төмөр замын байгууллага өөрийн албан хаагч нартаа зориулан тээврийн зардал гаргаж ажиллаа. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн онцгой комиссоос гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа иргэдээ татан авах нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд  ойрын хавьтал  болсон 1804 иргэнийг  тогтоон тусгаарлан ажиглаж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт 1 нийлбэр дүнгээр 13 байршилд тусгаарлан ажиглалтын цэг бий. Тусгаарлан ажиглах байр, шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын ажилд өдөрт дунджаар 3490 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин