АН Шүүхийн хуулийн шинэчлэлээр гурав хоногийн завсарлага авлаа
2020-12-22

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэв. Хуралдааны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн  танилцуулсан.

    Тус танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Тухайлбал, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол Улсаас хилийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал эрхэлсэн ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр заасан төслийн 9.4.1 дэх заалт, мөн хилийн чанадад ажиллах виз мэдүүлгийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулна. Визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авна гэсэн 9.4.2 дахь заалтуудын талаар тодрууллаа. Хууль зүй, Гадаад хэргийн сайд нар зөвшилцсөний үндсэн дээр ГИХГазрын мэргэжилтнүүдийг дипломат албанд элсүүлэн, консулын ажилтан болгон визийн өндөр ачаалалтай зарим нэг газар виз хариуцан ажиллуулах бололцоог нээх нь зүйтэй хэмээн дээрх зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарлалаа. Эл зохицуулалт гарцаагүй хэрэгцээтэй газрууд буюу цөөн тооны газруудын талаар ярьж байгаа гэдгийг тодотгосон. ГИХГазрын мэргэжилтнүүдийг дипломат албанд элсүүлэн, консулын ажилтан болгох талаараа сайтар анхаарах, түүнчлэн “гарцаагүй өндөр ачаалалтай газар”-ын талаар төсөлдөө маш тодорхой тусгах саналыг тэрбээр хэлж, дагалдах эрсдэлийн талаар санал хэлж байв.

    Монгол хүүхдийг гадаадад үрчлүүлэхтэй холбоотой тодруулсан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулт өглөө. Төслийн 40.1.6-д “Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах;” хэмээн тусгасан байгаа бөгөөд ингэснээр ГИХГазрын чиг үүрэг дээр нэмж тусгах юм байна. Одоо дээрх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтран баталсан журам, зарим асуудлыг нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж ирснийг ийн өөрчилж байгаа гэв. АНУ-д 156, ХБНГУ-д 35, БНИтали Улсад 22 гэх зэргээр Монгол Улс 1999 оноос өнөөдрийг хүртэл 272 монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргаж байна. Энэ онд Монгол Улсын харьяат 1 хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргасан байна. Хяналт тавих асуудлыг ГИХГазар хариуцдаг бөгөөд хүүхэд үрчлүүлэх асуудлыг олон улсын Гаагийн конвенцд нэгдсэн, итгэмжлэгдсэн байгууллага хариуцан ажилладаг байна. Тухайн улсын нийгмийн ажилтан 0-3 хүртэлх насны хүүхдийн талаарх тайланг жилд 2 удаа,  4-9 хүртэлх насны хүүхдийн талаарх тайланг жил бүр,  9-16 хүртэлх насны хүүхдийн талаар тайланг 2 жил тутам ГИХГазарт хүргүүлдэг байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 37.9 албадан гаргахтай холбоотой зохицуулалтын талаар үг хэлж, бодит нөхцөл байдал дээр үүсдэг бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн юм. Төслийн дээрх зохицуулалтыг хуульчилснаар гадаадын иргэдийн албадан гаргах боломжгүй болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тус асуулттай холбогдуулан ажлын хэсгээс хариулт, тайлбар өгөв. Гадаадын иргэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал 12 үндэслэлээр албадан гаргах зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилдэг. Үүний нэг буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эсхүл түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн хоёр тохиолдолд ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, тухайн улсдаа очоод эрүүдэн шүүгдэх нөхцөл байна хэмээн үзвэл улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд ерөнхий байцаагч буюу ГИХГазрын дарга албадан гаргах эсэхийг шийдэх юм байна. Өмнө гарсан тодорхой тохиолдлууд гарсны үндсэн дээр хуульд зохих өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гэв.  

 

 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Ажлын хэсгүүд байгууллаа

    Дараа нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар боллоо. “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны уг тогтоолыг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжсэн. Дараа нь Монгол Улс олон талт Олон Улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох Олон Улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан Олон Улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий нь ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулахаар боллоо. “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу төслийг зүйл нэг бүрээр хэлэлцсэн юм. Мөн зүйлийн 39.11-т “Гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно” гэж заасны дагуу тухай бүр гишүүд холбогдох асуулт, тодруулгаа хийж хариулт, мэдээллийг авч байв.

 

    Хуулийн төслийн I, II зүйлтэй холбогдуулан Ж.Сүхбаатар гишүүн тус бүр зарчмын зөрүүтэй 3 саналын томьёолол ирүүлснээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар тогтов.  

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Г.Ганболд нарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дараа нь шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан.

    Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээндээ шүүгчид хариуцлага тооцох Сахилгын хороог бие даан байгуулаад, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан юм. Энэ хүрээндээ Улсын Их Хурлаас тогтоол гаргаж, 2020 онд багтаан Шүүхийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлахыг чиглэл болгосон. 2019 оны 03 дугаар сард Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагуудын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хийсэн. Энэ нь Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцэхгүй байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзэж төслүүдийг боловсруулжээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан ба Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь бүх шатны шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргахаас бус тэдгээрийг томилох, чөлөөлөх саналыг өөрөө гаргах, тийнхүү санал дүгнэлт гаргах урьдчилсан үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар оролцох бүрэн эрх байхгүй байна.

 

    2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэх нэмэлт орсон. Энэ дагуу бүх шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах эрх хэмжээг гагцхүү Шүүхийн сахилгын хороонд олгосон байх бөгөөд зөвхөн Үндсэн хууль, шүүхийн тухай хуулиар эдлэх шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд олгосон нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж, мөн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэж заасан. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно” гэж тус тус нарийвчлан заажээ. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулийн бус аргаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахгүйгээр дур зоргоороо шийдвэр гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.

 

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль зүйн хүчин чадлын хувьд Үндсэн хууль, Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрээс доогуур эрэмбэлэгдэж, гагцхүү зөвлөмжийн шинж чанарыг агуулдаг. Гэтэл хууль зүйн хүчин чадалгүй зөвлөмжийг үндэслэн шүүгч, Монгол Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгож байгаа нь Үндсэн хуульд заасан хууль ёсны байх зарчмыг гажуудуулсан байна гэж үзжээ. Түүнчлэн дээрх хуулиудын өөрчлөлтөөд үүдэн иргэн бүрийн шударгаар шүүлгэх Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөх эрсдэлтэй хэмээн үзсэн болохыг Б.Энхбаяр гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдсан юм.

 

 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ш.Адьшаа, С.Амарсайхан нар асуулт асууж, хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа эдгээр төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг Н.Алтанхуяг илэрхийлсэн. Төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа Ш.Адьшаа гишүүн хэлж, тайлбарлав. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авав

 

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

 

    Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан байна. Ажлын хэсэг 6 удаа олон нийтийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүхийн төлөөлөл болсон 150 гаруй шүүгч оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлтэй холбоотой саналуудыг авчээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээр холбогдох судалгаануудыг хийлгэхийн зэрэгцээ бие даасан, хараат бус судлаачид, мэргэжилтнүүд, эрдэмтэдээр шаардлагатай судалгаа, шинжилгээг хийлгэсэн байна. Ажлын дэд хэсэг сүүлийн нэг сарын хугацаанд 21 удаа хуралдсан бөгөөд ажлын хэсэг 90-ээс дээш хувийн ирцтэйгээр 8 удаа хуралдаж, санал дүгнэлтээ боловсруулжээ. Зарчмын зөрүүтэй 75 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

    Ажлын хэсэг Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг хатуу чанд баримтлан төслийг холбогдох хэлэлцүүлгүүдэд бэлтгэх зарчмы баримтлан ажилласан гэв. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа шинжилгээ, олон улсын дэвшилтэт чиг хандлагыг нутагшуулах, одоо тогтсон буруу практикыг засах, сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах замаар шударга ёсны үйл явцыг биежүүлэх зарчмыг баримтлан ажилласан байна.

 

    Ажлын хэсгийн танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн засварлага авах горимын саналаа хэлж, холбогдох үндэслэлээ танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулаад, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Shuud.mn
Сонин хачин