Эквадорт коронавирусийн гурван шинэ штамм илэрчээ
2020-12-23

Эквадорт коронавирусийн гурван шинэ штамм илэрчээ. Эрдэмтдийн өгүүлснээр эдгээр нь Британид илэрсэн мутацитай огт хамааралгүй бөгөөд мөн л анхдагч хувилбараас илүү халдвартай нь тогтоогдсон байна. 

 

Вирус илүү хурдтайгаар тархах болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч мэдээлж байлаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт дахин хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо таван саяар нэмэгджээ.

 

Үүний зэрэгцээ зарим оронд нас баралт ч нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ 2020 оныг дэлхийн нэгдүгээр дайнаас хойших хамгийн их нас баралт бүртгэгдсэн жил хэмээн мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, коронавирусийн мутаци Британид илэрч улмаар энэ нь Лондон, Английн зүүн өмнөд хэсэгт хатуу хөл хорио тогтоох шалтгаан болсон юм. Англи, Шотланд, Уэльсийн оршин суугчид хатуу хязгаарлалт дунд нь Зул сарын баяраа тэмдэглэхээр болж, харин дэлхийн улс орнууд Их Британитай харилцах агаарын харилцаагаа зогсоосон. Коронавирусийн энэ мутаци нь энэхүү вирусийн бусад штаммуудыг маш хурдацтай шахан гаргадаг аж. Мутаци вирусийн онц чухал ач холбогдолтой хэсгүүдэд ч явагддаг гэнэ. Лабораторид хийсэн судалгаагаар энэхүү мутаци нь эд эс рүү хурдан нэвтрэх чадвартай нь тогтоогдсон бөгөөд эндээс үүдээд вирус өмнөх төрлөөс илүү хурдан тархана гэсэн таамаглал үүсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин